• Албан ёсны цахим хуудас
ШУУРХАЙ ХУРАЛ ХУРАЛДЛАА
Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал тогтсон өдрөө буюу энэ долоо хоногийн мягмар гарагийн 10:00 цагт аймгийн ЗДТГ-ын Сүлд танхимд хуралдлаа. Хурлаар Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 7032-1111 утсанд иргэдээс ирүүлсэн санал, гомдол, түүний шийдвэрлэлттэй танилцав.
2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 28-ны өдрийг хүртэл хугацаанд 72 асуудлаар 92 иргэн хандаж, санал, гомдлоо илэрхийлжээ.
Тухайлбал,
  • Арвайхээр сумын ЗДТГ-т 41 иргэн 35 асуудлаар,
  • Боловсролын газарт 11 иргэн есөн асуудлаар,
  • Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 7 иргэн зургаан асуудлаар,
  • “Онги-Ус суваг” ОНӨААТҮГ-т 18 иргэн найман асуудлаар,
  • Хүнс, хөдөө аж ахуйн газарт 3 иргэн хоёр асуудлаар,
  • ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт 3,
  • БОЭТ-д 2,
  • Цагдаагийн газарт 3,
  • Эрүүл мэндийн газарт 1,
  • “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-д 1 асуудлаар тус тус ханджээ.
Иргэдээс:
  • Эрүүл мэнд, цахилгаан эрчим хүчний байгууллагуудын ажилтнуудын ёс зүйгүй харилцаа, хүнд сурталтай холбоотой асуудлаар,
  • Боловсролын салбарт багш нар мөнгө хураах, сургуулийн орчимд каймергүйгээс болж хүүхдийн сурах эрх зөрчигдөж буй талаар,
  • Арвайхээр, Богд сумын ЕБ-ын сургууль орчимд ажиллаж буй хүнсний дэлгүүрүүд стандартын шаардлагад нийцэхгүй орчинд түргэн хоол, хүнсний зүйл, хятад улсад үйлдэрлэсэн, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн худалдаалж байгаад хяналт хийлгэх тухай,
  • Арвайхээр сумын ус түгээх ухаалаг 9 худагнаас ундны ус авахад бэрхшээл байнга тулгарч байгааг засаж, сайжруулах, нохой олноор бөөгнөрч, явган иргэд араатан амьтны заналхийлэлд өртөж, орчны аюулгүй байдал бий болж байгаад анхаарч өгөх зэрэг асуудлуудаар иргэд хандаж, санал гомдлоо илэрхийлсэн байна.
Ирүүлсэн гомдлыг харьяалагдах байгууллагуудад хүргүүлэн, долоон асуудлаас бусад асуудлыг шийдвэрлүүлж, хариуг иргэнд эргэн мэдээлсэн.
Тус хугацаанд 6492 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авсан байна.
Хурлаар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын хэлтсээс “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил 2024” зорилтот жилийн хүрээнд нэвтрүүлж буй 9 систем бүхий нэгдсэн платформ буюу “Go Uvurkhangai” аппликэйшний хөгжүүлэлтийн талаар танилцуулга хийв.
Хурлын төгсгөл аймгийн Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн иргэдээс ирүүлсэн гомдлыг дахин давтан гаргахгүй байхад анхаарч, асуудлуудыг шийдвэрлэж ажиллах, шийдвэрлэгдээгүй байгаа гомдлыг ойрын өдрүүдэд шийдвэрлэх зэрэг үүрэг чиглэлийг холбогдох байгууллагын удирдлагуудад өглөө.

 

2024-10-30 18:02:36