МОНГОЛЫН ТУСГАЙ ОЛИМПЫН ХОРООНООС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Монголын тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр аймгийн Засаг дарга И.Доржсүрэн болон хэлтэс, агентлагийн удирдлагууд, ЕБ-ын сургуулийн захирлуудтай уулзалт хийлээ.
Уулзалтаар аймгийн Засаг даргын зүгээс “орон нутгаас тусгай хэрэгцээт хүүхдүүдийг улсын болон олон улсын уралдаан тэмцээнд оролцоход тухай бүрд нь дэмжлэг үзүүлдэг бөгөөд, тамирчид тэмцээн, уралдаандаа амжилттай оролцож, аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж байдагт талархаж явдаг”-аа илэрхийлэв. Мөн удахгүй Арвайхээр болон Хархорин суманд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв” байгуулах тухай мэдээллийг өгсөн.
Монголын тусгай олимпын хорооны зүгээс салбар төв байгуулж буй тухай, хангайн бүсэд хэрэгжүүлэх “Боломжийг бүгдэд-II” төслийн талаар товч мэдээлэл өгч, Өвөрхангай аймаг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ, тэр дундаа тусгай хэрэгцээт хүүхдүүдийг олон улсын уралдаан тэмцээнд оролцоход нь хамгийн сайн дэмжлэг үзүүлдэг, тамирчдыг хамгийн олноор хамруулдаг үлгэр жишээ аймаг болохыг онцолж, сайшаав.
Уулзалтаар Монголын тусгай олимпын хорооноос аймгийн ЗДТГ болон Арвайхээр сумын ЕБ-ын сургуулиудын захирлуудтай “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгууллаа.
2024-11-01 15:32:56