Монголын тусгай олимпын хорооны ажлын хэсэг Өвөрхангай аймагт энэ сарын 01, 02, 03-ны өдрүүдэд ажиллаж, аймгийн ЗДТГ-тай хамтран хангайн бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх "Боломжийг бүгдэд-II" төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав.
Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл аймгуудын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, оюуны онцлогтой хүүхдүүд, тэдний эцэг эх, асран хамгаалагч зэрэг 260 гаруй төлөөлөгчид оролцлоо.
“Боломжийг бүгдэд II" төсөл нь оюуны онцлогтой иргэдийг биеийн тамир, спортоор хөгжүүлж, нийгэмшүүлэх, тэдний эрхийг хангахад төр болон хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх юм байна.
Төслийн хүрээнд:
Монголын тусгай олимпын хорооны Хангайн бүсийн төвийг байгуулав. Энэхүү төвийг байгуулснаар орон нутгийн анхны салбар төв болж байгаа бөгөөд тусгай олимпын үйл ажиллагааг орон нутагт өргөжүүлэх, хангайн бүсийн аймгуудыг татан оролцуулах, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх, зорилтот бүлэгт хүртээмжтэй хүрэх боломж бүрдэж байна.
“Боломжийг бүгдэд II" төслийн танилцуулга мэдээлэл, сургалтыг аймгийн ахмадын ордонд зохион байгууллаа.
Арвайхээр сумын 11 дүгээр цэцэрлэгийн оюуны онцлогтой хүүхдүүдийн дунд бяцхан тамирчин үйл ажиллагааг зохион байгуулав.
Хангайн бүсийн зургаан аймгийн 80 шахам оюуны онцлогтой хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна. Үзлэгээр АШУҮИС-ийн АУС-ийн сэргээн засах эмчийн зөвлөгөө, аймгийн Улсын 1-р төв эмнэлгийн эмчийн чих хамар хоолойн үзлэг, зөвлөгөө, БОЭТ-ийн уламжлалт, сэргээн засахын үзлэг оношилгоо, Мэдрэл, Нүд, Шүд, амны хөндийн эмчийн үзлэг, зөвлөгөөнд тус тус хамруулав.
Спорт өдөрлөг, хамтарсан спортын арга хэмжээг зохион байгуулна. Монголын Тусгай Олимпийн Хорооноос Өвөрхангай аймагт Бочигийн спортыг хөгжүүлэх зорилгоор Бочигийн бөмбөгийг Биеийн тамир, спортын газрын дарга Ө.Жамдүдсансүмд гардуулан өгч арга хэмжээний нээлтэд оролцсон албаны хүмүүс Бочигийн спортын тамирчидтай үзүүлэх тоглолт хийлээ. Өдөрлөгт 6 аймгийн оюуны онцлогтой 75 тамирчин Бочи, Заалны хоккей, Бадминтон, Ширээний теннис гэсэн спортын 4 төрөлд авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.
Төслийн санхүүжүүлтийг Улаанбаатар Ротари, Голомт банк, Мобиком корпораци хариуцаж, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж байна.