Энэ удаагийн хурал аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааны анхны шуурхай хурал болж байгаагаараа онцлог боллоо. Тогтсон ёсоор Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 7032-1111 утсанд иргэдээс ирүүлсэн санал, гомдол, түүний шийдвэрлэлттэй танилцав.
2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд 14 асуудлаар 16 иргэн хандаж, санал, гомдол ирүүлсэн байна.
Тухайлбал, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтэст 1, Боловсролын газарт 3, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 1, Эрүүл мэндийн газарт 1, Хүнс, хөдөө аж ахуйн газарт 1, Арвайхээр сумын ЗДТГ-2, “Онги-Ус суваг” ОНӨААТҮГ-т 2, ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт 3, Хас Заан ХХА 1 асуудлаар тус тус ханджээ.
Ирүүлсэн гомдлыг харьяалагдах байгууллагуудад хүргүүлж, таван асуудлаас бусад асуудлыг шийдвэрлүүлэн, хариуг иргэнд эргэн мэдээлсэн байна. Мөн өмнө нь шийдвэрлэгдээгүй байсан таван асуудлын дөрвийг нь шийдвэрлэн, иргэнд мэдэгджээ.
Тус хугацаанд 982 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авсан байна.
Хурлаар: ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс “Соёлын бүтээлч сар” аяны тухай, Стандарт хэмжил зүйн хэлтсээс Хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллах шаардлага тулгарч байгаа талаар тус тус товч мэдээлэл өгөв.
Засаг дарга О.Пүрэвдорж:
- Төрийн аливаа үйлчилгээ, тэр дундаа худалдан авах үйл ажиллагаа, газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх асуудал, төрөөс иргэдэд олгож буй зээл, тусламжийн мэдээлэл, төрийн албаны аль ч шатны байгууллагын сул орон тооны мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, тодорхой, дэлгэрэнгүй, шуурхай, хүртээмжтэй хүргэж байхыг бүх хэлтэс, агентлагийн дарга нарт үүрэг болгов.
Мөн ойрын хугацаанд анхаарах асуудлын хүрээнд:
- Баянтээг нүүрсний уурхайн сайжруулсан түлшний асуудлаар хяналт хийж, иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, Арвайхээр сумын дулаан хангах байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилд хяналт тавих үүргийг Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбатад,
- Аймгийн аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг "Өв агро гурил тэжээлийн үйлдвэр" ОНӨХХК–аас 100 хувь бүрдүүлэх, малчдын өвөлжилтийн бэлтгэл байдалд анхаарах, махны үйлдвэрүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах асуудалд анхаарч ажиллахыг ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжирт тус тус үүрэг болголоо.