“ТҮҮХЭН ХҮМҮҮНЭЭС СУРАЛЦАХУЙ” УРИАН ДОР "СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР" АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Аймгийн соёлын салбар энэхүү аяныг “Өндөр гэгээний өв соёлоос суралцахуй” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд өчигдөр Соёл урлагийн газраас аяны нээлтийг Хөгжимт драмын театрт хийлээ.
Аяныг нээлтэд аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж оролцож, аяны үйл ажиллагаанд амжилт хүсэв. ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал “Монголын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын өв соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлын тоймыг танилцуулж, хүндэт зочдод номын дээжээс гардууллаа.
Мөн Өндөр гэгээний бүтээсэн Жанлавцогзол номын утга агуулга, унших бясалгахын ач тус, учир холбогдлыг Ганданпунцоглин хийдийн хамба лам, Хэл бичгийн ухааны доктор Я.Ганзаяа тайлбарлан таниулж, жүжигчин МУСТА А.Номинчимэг монгол орчуулгаар нь уншиж толилуулав. Түүнчлэн “Өндөр гэгээний соёлын өв дэх хосмолжин шинж”, “Үрс гаргах их ёслол ба Өндөр Гэгээн” зэрэг илтгэлийг тавилаа.
Аймгийн соёл, урлагийн салбар аяны хүрээнд урлагийн 25 тоглолт, 20 үзэсгэлэн, боловсролын 31 хөтөлбөр, 37 сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн 25 ажил, 22 контент бүтээж олон нийтэд түгээхээр төлөвлөөд байна.
2024-11-05 18:05:36