БИЕИЙН ТАМИР СПОРТЫН САЛБАР "СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР" АЯНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Өнөөдөр аймгийн спортын салбар “Соёлын бүтээлч сар” аяны нээлтээ хийж, нээлтийн үйл ажиллагаанд спортын холбоод 16, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэг клуб 5, спортын хувцас үйлдвэрлэгч болон бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулдаг аж ахуй нэгж, хувийн хэвшлийн 7 байгууллагын төлөөллүүд, спортоор тогтмол хичээллэгч залуучууд оролцлоо.
Нээлтийн үеэр аймгийн тамирчдын спортын төрлүүдээр улс, олон улс, тив дэлхийд гаргасан ололт, амжилтыг алдаршуулж, спортын холбоод, клубүүд өөр өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлав. Мөн шинээр хөгжиж буй “бочи”, “корнхол” спортыг сурталчлан, нээлтэд оролцогчдыг тоглуулж сонирхуулсан юм.
Аймгийн Биеийн тамир, спортын газраас аяны хүрээнд гурван зорилт бүхий 30 үйл ажиллагааг төлөвлөсөн бөгөөд Гавьяат дасгалжуулагч Ө.Насанжаргал, Гавьяат тамирчин Л.Нарантуяа, Монгол Улсын Арслан Ц.Бямба-Отгон нарын амжилт бүтээлийг сурталчлах, залгамж халаа болсон тамирчдын уулзалт, спортын тэмцээн уралдаанууд, уран зураг, эсээ бичлэг, хэлэлцүүлийг зохион байгуулах юм байна.
2024-11-05 18:12:45