• Албан ёсны цахим хуудас
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Тандалт судалгааны багийн судлаач, Ахлах референт Т.Оюунаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт өнөөдөр буюу 11 дүгээр сарын 08-ны өдөр ажиллаж, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Сургалтаар Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төрийн албаны шинэчлэл бодлогын хүрээнд чадахуйн зарчимд суурилсан оновчтой бүтэц бүхий төрийн албыг бэхжүүлж, төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулан, олон улсын үнэлгээний цогц системийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох зорилтын хүрээнд шинээр болон шинэчлэн боловсруулсан журмын төслүүдийг танилцуулж, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, хэлэлцүүллээ.
Процессын дахин инженерчлэл, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал болон үнэлгээ мониторинг хийх үе шатыг олон улсын арга, аргачлалын дагуу боловсруулах сэдвийн хүрээнд сургалтаа зохион байгуулав. Үнэлгээ мониторингийн эрх зүйн орчин, тогтолцоо, шинэчлэлийн бодлогын талаар “Мониторинг хийх нийтлэг журам”, “Үнэлгээ хийх нийтлэг журам”, “Төрийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлагыг дүгнэх журам”-ын төслийн танилцуулгыг хийж, санал авсан юм.
Тус сургалт, хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлаг, төрийн өмчит хувьцаат компани болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын төлөөлөл бүхий 77 албан хаагч оролцлоо.

 

2024-11-08 15:50:34