• Албан ёсны цахим хуудас
ЗАЛУУ МАЛЧДЫН ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА
Аймгийн ЗДТГ-ын Залуучуудын хөгжлийг дэмжих төв Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран “Тэгш боломжийн төлөө залуучуудын манлайлал” залуу малчдын чуулганыг өнөөдөр зохион байгуулж, 210 малчин хамрагдаж байна.
Чуулганыг аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж нээж, үг хэллээ. Тэрээр “Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувийг хөдөө аж ахуй, тэр дундаа малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа голлох үзүүлэлтийг эзэлдэг. Аймгаас баримталж буй бодлого нь малчдын хөдөлмөр зүтгэлээр бий болж буй малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, эдийн засгийн эргэлтэд тасралтгүй оруулахад чиглүүлж, энэ хүрээнд малын махыг гадаад зах зээлд гаргахаар Иран улстай хамтран ажиллаж байна. Малчид та бүхэн өөрийн хариуцлагын хүрээнд малын чанарт анхаарч, малаас гарах бүтээгдэхүүний боловсруулалтыг нэмэгдүүлэх, малаа төлөвлөгөөтэй худалдан борлуулахад анхаарч ажиллах шаардлага байгаа”-г хэлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Чуулганаар дөрвөн төрлийн өртөөнүүдэд малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, малын тэжээл тариалах, хадгалах, боловсруулах аргачлал, гэр бүлийн үнэ цэнэ, малчин залуучуудын эрүүл мэндийн асуудал зэрэг мэдээллийг өгч байна.
Түүнчлэн Монгол Улсын болон аймгийн аварга малчдын туршлага, амжилт ололтоос хуваалцаж, залуу малчдад тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг хийх юм.
Аймгийн хэмжээнд 2022-2024 онд 525 малчин өрхийг 3.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 36438 малаар малжуулсан. Малжуулсан өрхийн 70-аас дээш хувь нь малаа төрөл бүр дээр өсгөж, “Аймгийн аварга малчин” нэг, “Сумын аварга малчин” дөрөв төрсөн байна.

 

2024-11-13 11:00:45