• Албан ёсны цахим хуудас
ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТУХАЙ ХЭЛЭЛЦЛЭЭ
Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан “Орон нутгийн 2024 оны хүний эрхийн төлөв байдлын тайлан”-г хэлэлцүүлэх уулзалтыг зохион байгуулсан юм.
Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Отгонцэцэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын Өвөрхангай аймаг дахь референт Н.Туул болон мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Уулзалтаар “Орон нутгийн 2024 оны хүний эрхийн төлөв байдлын тайлан”-г танилцуулж, төрийн бус байгууллагын төлөөллүүд орон нутагт хүний эрх зөрчигдөж буй асуудлуудаар санал бодлоо илэрхийлэв.
Тэд:
  • Хүнсний аюулгүй байдал алдагдаж байна. Тухайлбал, төв бараан захад худалдаалагдаж буй махны эрүүл ахуйн байдал алдагдсан, ЕБС-ийн хүүхдүүд түргэн болгосон хоолыг өдөр тутамдаа хэрэглэх болсон, сургуулийн үдийн цайны стандартгүй байдал, хүнсний дэлгүүрээс хаяг шошгогүй, эрүүл ахуйн шаардлагад нийцэх эсэх нь тодорхойгүй амттан ихээр худалдан авч хэрэглэж байгаа зэрэг нь тэдний эрүүл байх эрхийг ноцтой зөрчиж байна.
  • Арвайхээр сумын утаа гамшгийн хэмжээнд хүрч, хүний эрүүл мэндийг ноцтой хохироож байгааг хурцаар шүүмжлэн, технологид суурилсан утааг бууруулах арга хэмжээг нэн даруй зохион байгуулахыг санал болгов.
  • БОЭТ-д нүдний даралт хэмждэг аппарат хомс учраас нүдний даралт өвчтэй иргэд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байгаа тухай,
  • ЕБС-ийн бага, дунд ангийн хүүхдүүдийн сурах бичгийн даац хэт их байгаа нь хүүхдүүдийн өсөлтөд, нурууны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тухай,
  • Архидалт газар авч, гэр бүл салалт, үр хүүхэд өнчрөх асуудал их байгаа тухай,
  • Суманд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд оролцох оролцоог хангахгүй, эрх нь зөрчигдөж буй тухай,
  • Хүүхдийн тоглоомын талбай стандарт шаардлагын дагуу хийгддэггүйгээс хүүхэд осолдох тохиолдол их байгаа зэрэг асуудлуудыг хөндлөө.
  • Мөн электрон тамхины хэрэглээ хавтгайрч, ирээдүйн эзэд болсон залуучуудын эрүүл мэндийг чимээгүй хохироож байгаад санаа зовниж байгаагаа дуулгалаа.

 

2024-12-10 17:25:36