• Албан ёсны цахим хуудас
Сумын ИТХ, Засаг дарга нарт мэдээлэл, чиглэл өгөх уулзалтыг зохион байгууллаа
Сумын ИТХ, Засаг дарга нарт мэдээлэл, чиглэл өгөх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Нарангарав албан ёсоор нээж үг хэлсэн.
Тэрээр “Та бүхэн цаг ямагт удирдахуйн чадамжаа хөгжүүлж, улс төржилгүй, сумын бодлогоо иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө чиглүүлж ажиллахыг хүсье. Бидний хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр хүний эрхийг дээдэлсэн, хүндээ ээлтэй, иргэндээ ойрхон, чанартай, хүртээмжтэй байх нь чухал. Аймгийн бодлогыг нэн тэргүүндээ тавьж, сумынхаа бодлогыг уялдуулан, орон нутагтаа томоохон хэмжигдэхүйц, нүдэнд харагдахуйц, иргэндээ ээлтэй ажлыг хийж чадвал сумын хөгжил тэр хэрээр өсөн дэвжих юм. Түүнчлэн аймгаас гаргаж буй бодлого, тогтоол, шийдвэрт хяналт тавьдаг, зөвийг эрэлхийлдэг, шийдвэрийн гарцыг санал болгодог, хамтдаа нэгдмэл зорилго, зорилтын төлөө хамтран ажиллахыг хүсье” хэмээгээд ажлын амжилт ерөөлөө.
Засаг дарга О.Пүрэвдорж “Бид хамтдаа аймаг, орон нутгийн иргэдийнхээ нийтлэг эрх ашиг, хөгжил цэцэглэлтийн төлөө нэг баг болж ажиллах гэж байгаадаа баяртай байна. Эв нэгдэлтэй эрч хүчтэй санаачилгатай, сум орон нутгийн хөгжлийн төлөө чин сэтгэлээсээ ажиллаж, ирэх дөрвөн жилд иргэндээ ээлтэй, хувь хүн рүүгээ чиглэсэн, сум орон нутгийн хөгжлийн төлөө хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо ханган, ил тод, бодит үр дүн гаргаж ажиллахыг хүсье” хэмээгээд ажлын өндөр амжилт ерөөж, өвөлжилт, хаваржилтыг эрсдэлгүй давах бэлтгэлээ маш сайн базаахыг захилаа.
Уулзалтаар ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар хариуцсан чиглэл тус бүрээр холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг танилцуулж, мэдээлэл өгсөн юм. Уулзалтын төсгөлд аймгийн Засаг дарга сумын ИТХ, Засаг дарга нарын асуултад хариулт өгч, санал бодлыг нь сонслоо.

 

2024-12-05 00:00:00