ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Аймгийн Зэвсэгт хүчний 256 дугаар ангид 2024 оны хоёрдугаар ээлжээр Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд аймгаас татагдсан залуус цэргийн алба хааж байна.
Хугацаат цэргийн алба хааж буй цэрэг дайчид 45 хоногийн сургалтад хамрагдаад өнөөдөр цэргийн тангараг өргөж, Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглалаа.
Тангараг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг болон хууль, хүчний байгууллагуудын дарга, захирагч нар, тангараг өргөж буй цэргүүдийн аав, ээж, ар гэрийнхэн нь оролцов.
Анхан шатны сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчид үзүүлэх тоглолтыг хийж, сурч мэдсэнээ сонирхуулав. Мөн хүндэтгэлийн концертыг толилуулж, үндэсний бөхийн барилдаанаар хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.
Цэргийн алба хаагчдад нэг жилийн хугацаанд цэргийн эрдэм заахаас гадна Англи хэл, компьютер, жолооны ур чадвар олгох сургалтад хамруулдаг болсон. Цэргийн алба хаах нь төрийн албанд орж ажиллах нэг шалгуур болсон учраас сүүлийн жилүүдэд цэргийн алба хаах сонирхолтой залуусын тоо нэмэгдэж байгааг албаны хүмүүс хэлж байлаа.
2024-11-30 11:23:43