ХОВОР АН АМЬТДАД БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА
Аймгийн Байгаль орчны газраас ховор амьтад бүхий бүс нутагт тархан бэлчиж буй ан амьтдад биотехникийн арга хэмжээг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид болон Уянга, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл сумын ЗДТГ-аас Нарийн хушт, Халтар хушт, Ногоон нуур, Нуудгай, Баарай, Зураа, Зүүнхайрхан, Дөлгөөн зэрэг газарт очиж, халиун буганд хужир шүү тавьж өгчээ.
Зуншлага сайхан байсан тул өвөлжилт өнөтэй, өвс элбэг байгаа учраас ан амьтад ууландаа тогтвортой өвөлжиж байгаа аж. Хужир нь жилийн аль ч улиралд ховор, зэрлэг амьтдад нэн шаардлагатай байдаг учраас жил бүр биотехникийн арга хэмжээ авч ажилладаг байна.
Өвөрхангай аймгийн хувьд Есөнзүйл, Бүрд, Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорин, Нарийнтээл, Хайрхандулаан суманд халиун буга, Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Богд, Гучин-Ус, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан, Хайрхандулаан, Есөнзүйл, Төгрөг, Хархорин, Уянга суманд аргаль хонь, Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Бат-Өлзий, Богд, Төгрөг, Уянга, Сант зэрэг суманд янгир ямаа тархан байршдаг.
Тухайн бүс нутагт ховор ан амьтан байна гэдэг нь тэр нутгийн экосистемийн үнэ цэнийг нэмэгдүүлж байдаг ажээ.
2024-12-19 15:47:28