АЙМГИЙН ИТХ-ЫН VII ХУРАЛДААНААР “ХАЙРЛАГДСАН ХҮҮХЭД” ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭН, БАТАЛЛАА

Өвөрхангай аймаг нийт 115258 хүн амтай бөгөөд үүнээс 43332 буюу 37.5 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд байна.
“Хайрлагдсан хүүхэд” төсөл нь хүүхдийг аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлж, шуурхай тусламж, хамгаалах, нөхөн сэргээх, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг, хүчирхийлэл, эрсдэлт нөхцөлийг бууруулах зорилгоор 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.
Сүүлийн жилүүдэд хүүхдийн дунд өвчлөл, дарамт хүчирхийлэл, осол гэмтэл ихсэж, өсвөр насны охидын төрөлт буурахгүй, гэр бүл салалт өндөр байгаа. Тухайлбал,
- 2024 онд 1720 хүүхэд шинээр мэндэлсэн нь өмнөх оноос 249 хүүхдээр буюу 12.6 хувиар буурсан.
- 2024 онд 574 хүн нас барснаас нэг хүртэлх насандаа эндсэн хүүхэд 22, 01-05 насандаа эндсэн хүүхэд 6 байна.
- 2020-2024 онд гэр бүлийн болон бусад хүчирхийлэл дарамтад өртсөн 203 хүүхэд, 65 эмэгтэй хамгааллын болон нэн шаардлагатай бусад үйлчилгээг авсан байна.
- 2024 онд хүүхдээс үйлдэгдсэн гэмт хэрэг 16 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 7 нэгжээр буюу 30.4 хувиар буурсан бол хүүхэд хохирсон гэмт хэрэг 50 бүртгэгдэж, 7 нэгжээр буюу 16.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Төлөөлөгчид төсөлтэй холбоотой зарим асуудлыг тодруулж, санал хэлж, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллага дундын уялдаа холбоог сайжруулж, зарим асуудалд нухацтай, үр дүнтэй ажиллах үүрэг чиглэл өгч, олонхын саналаар “Хайрлагдсан хүүхэд” төслийг баталлаа.
2025-06-26 15:28:39