ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУУДЛАГА, МЭДЭЭЛЛИЙГ НЭГДСЭН “112” ДУГААРТ ШИЛЖҮҮЛЭХ ТАЛААР ЯРИЛЦЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны “Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 67 дугаар тогтоол гарсан.
Энэ хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас яаралтай тусламжийн 101, 102, 103 дугаарыг олон улсын жишгийн дагуу нэгдсэн “112” дугаарт шилжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж буй юм.
Тус асуудлаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Болдбаяр, мөн хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Баярдаваа нар аймгийн Засаг дарга болон холбогдох хүмүүстэй уулзаж, ярилцлаа.
Уулзалтаар яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж “112” нэгдсэн дугаарт шилжүүлэх болсонтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, дуудлага, мэдээллийг камерын хяналтын төвтэй уялдуулах, орон нутагт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцсон юм.
Яаралтай тусламжийн нэгдсэн “112” дугаартай болсноор утасны сүлжээтэй, сүлжээгүй ямар ч үед, хаанаас ч цагдаа, түргэн тусламж, гал түймрийн дуудлагыг шуурхай авч, авран хамгаалах үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломж бүрдэх ажээ.
“112” дугаарлалтад шилжүүлэх ажлын хүрээнд программ хангамж шинэчлэх, систем өргөтгөхөд шаардагдах зардлыг орон нутаг өөрөө хариуцах бөгөөд Өвөрхангай аймаг 2026 онд хэрэгжүүлэхээр тогтлоо.
2025-09-15 12:21:17