• Албан ёсны цахим хуудас
АЙМГИЙН ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦЫН ЭРХЛЭГЧ, ТҮГЭЭГЧИДТЭЙ УУЛЗАЖ, ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО
Улсын хэмжээнд шатахууны хомсдол үүссэнтэй холбоотой асуудлаар Засаг дарга өнөөдөр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудын эрхлэгч, түгээгч нартай уулзалт хийлээ.
Уулзалтаар бензин, дизель түлшний түгээлтийн нөхцөл байдал, нөөцийн хэмжээ, цаашдын тогтвортой байдлын талаар мэдээлэл, санал солилцов.
Аймгийн хэмжээнд 82 шатахуун түгээх станц тусгай зөвшөөрөлтэй. Арвайхээр суманд 26 ШТС байгаа хэдий ч 23 ШТС хэвийн ажиллаж байгаа.
Улсын хэмжээнд бензиний хомсдол үүссэнтэй холбоотой Арвайхээр сумын ШТС-ууд долоо хоногт нэг удаа татан авалт хийж, иргэдэд өөрийн нөөцдөө тулгуурлан лимит тогтоон АИ-92 бензиний түгээлтийг хийж байна. Харин дизель түлш хэвийн олгогдож байна.
Сумын хэмжээнд аюулгүй нөөцийн бүрдүүлэлт, гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудын бензин, түлшний хангалтыг хийж байгаа ч иргэдэд түгээх бензин, түлшээ нөөц, татан авалтдаа тулгуурлан олгож байгаа.
Хил залгаа Баянхонгор, Өмнөговь, Дундговь аймгуудад бензиний хомсдол үүсэж, тус аймгуудын иргэд болон баруун аймгуудын дамжин өнгөрч буй авто машинууд бензиний хангалтаа манай аймгийн ШТС-аас хийж байна.
Уулзалтад оролцогч ШТС-ын төлөөллүүд “Иргэд өөрийн авто машины банк нь хангалттай бензинтэй хэдий ч, хүлээцгүй байдлаас үүдэн заавал дүүргэх шалтгаанаар зохиомол оочир, дугаарлалт үүсгэж, нийгэмд сөрөг мэдээлэл түгээх” зэргээр үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаад шүүмжлэлтэй хандан, иргэд “хүлээцтэй байх” шаардлагатай байгааг хэллээ.

 

2025-10-27 17:54:32