• Албан ёсны цахим хуудас
“УХААЛАГ ЗАСАГ-2” ТӨСЛИЙН БАГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр “Ухаалаг засаг - 2” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд төслийн нэгжийн баг Өвөрхангай аймагт 9 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд ажиллаж, аймгийн удирдлага, салбар хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.
Дэлхийн Банкнаас “Ухаалаг засаг - 2” төслийн хэрэгжилтэд дунд хугацааны үнэлгээг хийж байгаа буюу уулзалтаар төслийн явц, дижитал шилжилт, хэрэгжүүлж буй ажлуудын тухай, үр дүн, цаашид анхаарах зүйл болон хүлээгдэж буй үр дүнгийн талаар санал солилцлоо.
Энэхүү уулзалтад ЦХИХХЯ-ны Цахим шилжилтийн бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг хавсран гүйцэтгэгч, Төслийн захирал Д.Батбаяр, Дэлхийн банкны төлөөлөл болон албаны хүмүүс оролцсон юм.
Тус төслийн нэгдүгээр үе шат болох “Ухаалаг засаг-1" төслийн хүрээнд улсын хэмжээнд төрийн үйлчилгээний нэгдсэн платформ системд төрийн 68 байгууллагын 789 үйлчилгээ, хөдөө орон нутагт 1,284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, Ухаалаг газрын харилцааны системийг идэвхжүүлэн 103 мянга гаруй иргэнд үйлчилгээг цахимаар хүргүүлсэн байна. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас 357,705 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхэд суулгаж, олгожээ.
Албаны хүмүүс аймгийн төрийн үйлчилгээний цахимжилт, “ХУРДАН” нэг цэгийн үйл ажиллагаатай танилцан, Бүрд сумын ерөнхий боловсролын сургуулиар зочилж, интернэт сүлжээ холболт, тулгамдаж буй асуудлаар багш, удирдлагуудтай санал солилцсон байна.

 

2025-10-03 17:44:32