Аймгийн хэмжээнд “40 мянган мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд мод үржүүлгийн газар бүхий иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа өнөөдөр /2015.05.11/ Аюуш баатрын талбайд эхэллээ.
Үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Арвайхээр хотын захирагч А.Ишдорж болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Аймгийн Засаг дарга нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “2015 онд төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг 25 хувиар нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Ногоон байгууламжийг бий болгоход нэн тэргүүнд анхаарах ёстой зүйл бол үрсэлгээ юм. Аж ахуйн нэгж, байгууллагуудын тарьц суулгацын үрсэлгээг чанаржуулах, тэднийг энэ чиглэлээр чадавхжуулахад анхаарч байна” гэлээ.
Үзэсгэлэн худалдаанд Сум дундын ойн анги, Өгөөмөр шунхлай ХК, Хярын бүрдийн холбоо ТББ, Насаа нэм нөхөрлөл, Хархорин суман дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Ойн баялаг ургац ХХК оролцож шинэс, улиас, хайлаас, бургас, монос, чацаргана, шар хуайс, гацуур, үхрийн нүд зэрэг тарьц суулгацыг борлуулж, иргэдэд тарьж суулгах аргачлал, зөвлөмжөөр хангаж байна.