Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 60 дугаар тушаалаар Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутгийн шилмэл хонин сүргийг “Баянгол омог”-ийн хонь болгон баталлаа. Боржигтын тал, Хуурамч, Шугуй, Довийн хөндий, Улаан нуур, Нарт хайрханы сав нутагт малчин ардын өнө удаан жилийн турш хонин сүрэгтээ явуулсан шилэлт, сонголт, байгалийн шалгарлын үр дүнд чийрэг бие цогцостой, бие томтой, мах-ноосны чиглэлийн хонь бий болох суурь тавигджээ. Энэхүү хонин сүргийг малзүйч Э.Ёндонсамбуугаар ахлуулсан орон нутгийн мал аж ахуйн мэргэжилтнүүд 20 гаруй жил судалж, гарал үүсэл, удам угсаа, ашиг шимийн түвшинг бататган сайжруулах, үржлийн ажил явуулсны үр дүнд шинэ омгийн хонь бий болжээ. “Баянгол омог”-ийн хонь нь:
1. Мах-ноосны чиглэлийн хонины хэв шинжийг сайтар хадгалсан, чийрэг бие цогцостой, нутгийн Монгол хониноос амьдын жингээр 25-35 хувиар илүү
2. Төлөрхөг чанар сайтай 100 эм хонь тутмын 15-20 нь ихэрлэх магадлалтай
3. Ноосны гарц чанар сайтай эм хонь 1400-1800 гр, бүдүүн хуц 1800-2800 гр ноос өгдөг. Ноос нь ямаан үс багатай, ноолуур үс ихтэй
4. Зүсний хувьд тогтворжсон 75 орчим хувь нь хар нүдэн, хар халзан, хар толгойтой, үлдсэн хэсэг нь бор халзан, бор нүдэн, улаан халзан, биеийн үндсэн хэсгүүд нь цагаан
5. Байгалийн эрсдэл даах чадвар сайтай, өвөл, хавар тарга хүчээ сайтар хадгалж онд ордог онцлог давуу шинжтэй юм. Баянгол хэвшлийн 500 хонь бүхий малчин өрхийн орлого хангайн бүсийн адил тооны хоньтой малчин өрхөөс 11.9 хувиар, тал хээрийн бүсийн малчин өрхөөс 9.2 хувиар, говийн бүсийн малчин өрхөөс 6.1 хувиар, аймгийн дундаж өрхөөс 11.4 хувиар тус тус илүү байна.
“Баянгол омог”-ийн шилмэл хонин сүргээс жил бүр 100 орчим өсвөр хээлтүүлэгч бойжуулж өөрийн аймгийн сумдад болон Баянхонгор аймгийн Богд, Дундговь аймгийн Сайхан-Oвоо зэрэг сумдын малчдад захиалгаар нийлүүлж байна.
Одоогийн судалгаагаар тус омгийн 17200 толгой хонин сүрэг байгаа бөгөөд цаашдаа аймаг, орон нутгийн зүгээс шилмэл хонины тоог өсгөх, тархалтын хүрээг тэлэх, удамшил, ашиг шимийн түвшинг бататгах бодлогыг тууштай хэрэгжүүлж, ойрын 4 жилд цөм сүргийн хонийг 10.0 мянгаас доошгүйд хүргэх зорилтыг тавьж байна.