Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын ивээлд “Хүүхдийн урлагийн их наадам”-ыг Боловсрол, соёлын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран 5 дугаар сарын 9-нөөс 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү наадам нь 2 жил тутамд 1 нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд хүүхэд, багачуудын хүсэн хүлээдэг томоохон уралдаан юм. Өнөө жилийн урлагийн их наадамд 19 сумын 34 цэцэрлэг, 30 сургуулиас нийт 1500 гаруй авьяаслаг хүүхэд, багачууд оролцож 4 насны ангилал тус бүрд 32 төрлөөр өрсөлдөж шилдгүүдийг тодруулсан юм.
Энэ жилийн наадмын онцлог нь хүүхэд нэг бүрийн авьяас чадварыг үе шаттайгаар нээн илрүүлж, хөгжүүлэх, тэдэнд ардын болон сонгодог, орчин үеийн урлагийг сурталчлах, сургах, өвлүүлэх, гоо зүйн хүмүүжил, төлөвшил олгох, харилцан суралцах, хүүхэд багачуудын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой юм.
Наадмын 1 дүгээр шатны шалгаруулалтад оролцсон 1500 гаруй хүүхэд багачуудаас шагналт байранд 200 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн шалгарч нэгдсэн Гала тоглолтоо толилууллаа. Багийн нэгдсэн дүнгээр тэргүүн байранд Арвайхээр сум, дэд байранд Баруунбаян-Улаан сум, гутгаар байрад Гучин-Ус сумын хүүхэд багачууд шалгарлаа.
Наадмыг зохион байгуулагчид болоод шүүгчид “Хүүхдүүдийн оролцоо нэмэгдэж, ур чадвар сайжирсан мөн хамтран ажиллах байгууллага, иргэдийн оролцоо нэмэгдсэн”-ийг онцолж байв.
“Хүүхдийн урлагийн их наадам”-ын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Боловсрол, соёлын газрын дарга Ё.Самбуу-Ёндон, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Пүрэвсүрэн нар оролцож шилдэг хүүхэд, сургууль, цэцэрлэг, багш нарыг шагнаж баяр хүргэлээ.