Хүнс, хөдөө аж ахуйн сайд, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарын 2015 оны үр дүнгийн гэрээнд заасны дагуу 11 суманд “Бэлчээрийн хөнөөлт мэрэгчтэй тэмцэх” ажил энэ оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс микробиологийн аргаар эхэлсэн.
Тарагт, Уянга, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан, Хайрхандулаан, Хужирт, Хархорин, Өлзийт, Бүрд, Есөнзүйл, Баян-Өндөр сумдад 20.0 мянган га талбайд микробиологийн аргаар үлийн цагаан оготно устгах ажлыг малчдын оролцоотой зохион байгуулжээ.
Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүд бактерийн бэлдмэлийг цацахад шаардагдах тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны заавар зөвлөмжийг танхимд болон талбайн сургалтаар өгч ажиллажээ.
Дээрх сумдад бактерийн бэлдмэл цацах үйл ажиллагаа дуусаж талбайг хүлээж авах ажил эхлээд байгаа бөгөөд Хархорин, Нарийнтээл, Тарагт, Баян-Өндөр, Хайрхандулаан, Уянга сумдыг зохион байгуулалт сайтай, чанартай хийж гүйцэтгэсэн хэмээн албаныхан онцолж байна.