Энэ оны 5 дугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дарга Роберт Шоэллхаммер, Азийн хөгжлийн банкны Харилцаа холбооны мэргэжилтэн Девид Кружер, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэд бүтэц хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Туул, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын даргын туслах Б.Индра, “МОН-2301” төслийн үйл ажиллагааны зохицуулагч Г.Мягмар нарын бүрэлдэхүүнтэй баг Арвайхээр, Хархорин хотод ажиллалаа. Тодруулбал Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Хот байгуулалтын салбарын МОН-2301” төслийн хүрээнд Арвайхээр, Хархорин хотод баригдсан барилга байгууламжтай танилцаж, бичил зээл олголт, түүний үр шимийг хүртэж буй иргэдтэй уулзах зорилгоор хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд төслийн багийнхныг хүлээн авч уулзаж, төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцууллаа.
Тус төслийн хүрээнд Арвайхээр, Хархорин, Баянгол, Сант сумдад нийт 13 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 8 удаагийн төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд үүний үр дүнд дээрх сумдад 5000-аас 50000 хүн ам амьдрах хотжилт бий болох таатай нөхцөл бүрдэж, иргэд эрүүл, ая тухтай орчинд ажиллаж, амьдрах боломж нээгдэж байна хэмээн аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн хэлсэн үгэндээ онцлоод Өвөрхангай аймгийн иргэдийг орон нутагтаа ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дарга Роберт Шоэллхаммер, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэд бүтэц хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Туул нарыг “Өвөрхангай аймгийн алдартан” цол тэмдгээр өргөмжлөв.