• Албан ёсны цахим хуудас
Сурагчдын үндэсний бичиг үсгийн боловсрол сайжирч байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг аймгийн Төв номын сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Өнөө жилийн “Бичиг үсгийн баяр”-ыг угтаж “Ном-Миний анд” аяныг 2 сарын хугацаанд зохион байгуулсан бөгөөд тус аянд амжилттай оролцсон сурагчид, анги хамт олон, сургуулиудыг шагнаж урамшууллаа. Тус аяны хүрээнд ерөнхий боловсролын 2-12 дугаар ангийн сурагчдын дунд “Ном-Эрдэм” буюу тэргүүний уншигчдыг шалгаруулах уралдаан, 1-5 дугаар ангийн сурагчдын дунд “Хэн хамгийн олон зүйр цэцэн үг, оньсого мэдэх вэ?” уралдаан, 1-12 дугаар ангийн сурагчдын дунд “Зохиолын дүрийг амилуулсан нь” уралдаан, 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “Цэвэр сайхан бичигтэн”, “Алдаагүй зөв бичигтэн“, “Уран бичлэг”-ийн уралдааныг тус тус зохион байгуулжээ. Сурагчид үндэсний бичиг үсэг болсон монгол бичгээ дээдлэн сурч, тэдний чадвар жил ирэх бүр сайжирч байгааг зохион байгуулагчид хэлж байна.

"Үндэсний бичиг үсгийн баяр"-ын нэгдсэн арга хэмжээ, шагнал гардуулах ёслолыг Аюуш баатрын талбайд зохион байгууллаа. Баярын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Боловсрол, соёлын газрын дарга Ч.Самбуу-Ёндон, Төв номын сангийн захирал н.Анхбаяр, ерөнхий боловсролын сургуулиудын багш, сурагчид оролцлоо.

 

2015-05-21 19:59:54