Монголын анхдугаар богд, төр, шашин, нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойг тохиолдуулан “Монголын бурханы шашин өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 4 дүгээр сард Унгар улсын Будапешт хотод зохион байгуулсан бол “Өндөр гэгээн Занабазар амьдрал, өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Өндөр гэгээний 380 жилийн ойг тэмдэглэх Үндэсний хороо, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран 5 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордны их танхимд зохион байгууллаа.
Монголын нийгэм, шашин соёл, улс төрийн амьдралд гүйцэтгэсэн үүрэг, түүхэн байр суурь, түүний үлдээсэн өв соёлыг нарийвчлан судлах, судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг илрүүлэх, судлах сурталчлах зорилготой уг эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид, түүхчид, аймгийн удирдлагууд, лам хуваргууд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, Монгол Улс, ОХУ, БНХАУ, Япон улс, Бүгд Найрамдах Унгар Улс, Их Британийн эрдэмтэн судлаачид зэрэг 500 гаруй хүн оролцлоо. Их танхимын тайзнаа Өндөр гэгээн Занабазарын бурханчлан бүтээсэн сэрэг дүр, шүтээн дүрийг хүндэтгэлтэйгээр залсан бөгөөд Гандантэгчэнлин, Ганданпунцоглин хийдийн лам, хуврагууд Өндөр гэгээний Монгол орны эв нэгдэл, сайн сайхны тухайтад зохиосон Жанлавцогзол буюу “Адистидийн дээдийг хайрлагч залбирал” номыг хурал эхлэхийн өмнө айлтгалсан юм. Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн ирүүлсэн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уншиж танилцуулав. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар үг хэллээ.
Тус эрдэм шинжилгээний хурлаар
1. Өндөр гэгээн Занабазар ба түүний намтар /угсаа гарал, эхийн тухай, цол хэргэм, төрсөн газар нутаг, дүрслэл, хөрөг дүрүүд/
2. Өндөр гэгээн Занабазар ба шашны зүтгэлтэн болох нь /шар малгайтны номын ёсыг дэлгэрүүлэгч, ганжуур, данжуурыг судлахад оруулсан хувь нэмэр, номын барилдлага, дүрслэх урлагт оруулсан хувь нэмэр, зохиолын үг ая, эгшгийн тухай судалгаа, залбирал, соёмбо, хэвтээ, дөрвөлжин үсгийг зохиосон тухай/
3. Өндөр гэгээн Занабазар ба төр нийгмийн нэрт зүтгэлтэн болох нь /халхын улс төр дэх байр суурь, Оросын эзэнт улс, Чингийн төртэй харилцсан нь, эрх зүйн түүхэн дэх байр суурь, ойрад аймагтай харилцсан тухай/
4. Өндөр гэгээн Занабазар ба түүний өв /Эрмитаж, Кунткамер, Эрхүү, Дүрслэх урлагийн музей дэх түүний бүтээлүүд, Эрдэнэзуу үнэт өв болох нь, төвхөн хийдийн шүтээн, хоужин зураг, соёмбо, дөрвөлжин үсгийн өв/ 4 чиглэлээр гадаадын 6 орны 14 эрдэмтэн, Монгол улсын 20 гаруй эрдэмтэн судлаачид 42 илтгэлийг тавьж Өндөр гэгээн Занабазар судлалыг эрдэм шинжилгээ, судалгааны шинэ эргэлтэд оруулахад үнэтэй хувь нэмэр орууллаа. Эдгээр илтгэлүүдийг нэгтгэж “Өндөр гэгээн Занабазар амьдрал, өв” нэртэй эмхэтгэлийг 7 дугаар сард багтааж гаргана.
Үндсэн илтгэгчид
Салбар хуралдаан