Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Арвайхээрчүүд “Хүүхэд, залуучуудын парк”-д тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал болоод бусад холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирж бяцхан хүүхдүүдэд баярын мэнд хүргэлээ. Баярын үеэр алдарт эхийн 1, 2 дугаар одонгоор тус хотын харьяат 68 эх энгэрээ мялаалаа.
Түүнчлэн 16 нас хүрч буй хүүхдүүдийн төлөөлөл иргэний үнэмлэхээ гардан авч, андгай өргөх ёслол боллоо.
Мөн авьяаслаг хүүхэд, багачууд урлагийн тоглолтоо толилуулав. Хүүхдүүд баярынхаа өдөр аав, ээжтэйгээ хамтдаа бүтэн өдрийг өнгөрүүлж, дуртай тоглоомоо тоглон, зохион байгуулагчдын зүгээс явуулж буй төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцож, энэ өдрийг өөрсдийн инээмсэглэл, хөөр баяр, аз жаргалаар чимсэн юм.