“Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийн хүрээнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Замын цагдаагийн тасаг, Онги, Таац голын сав газрын захиргаа, Унадаг дугуйчдын холбоо хамтран Арвайхээр хотод “Автомашингүй өдөр”-ийг зохион байгууллаа. Хүн төрөлхтний хамгийн ойрын, өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон автомашин нь дэлхийн дулаарал, агаарын бохирдолд маш ихээр нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг юм. Иймд автомашины байгаль орчинд хийгээд хүрээлэн буй орчинд учруулж буй сөрөг нөлөөллийг багасгах, иргэдэд ойлгуулах, сурталчлах зорилгоор 6 дугаар сарын 5-ны өглөөний 8:00 цагаас 16:00 цагийн хооронд П.Гэндэнгийн нэрэмжит гудамж буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх автозамын хөдөлгөөнийг хязгаарлав. Энэ өдөр Арвайхээрчүүд автомашинаас татгалзаж явган алхахаас гадна унадаг дугуйн парадад нэгдсэн юм.
Жирийн өдрүүдэд П.Гэндэнгийн нэрэмжит төв замаар цагт дунжаар 700 гаруй суудлын автомашин, 140 гаруй мотоцикль, 40 гаруй ачааны машин явдаг судалгаа гарсан байна. “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулах нь агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх хийгээд эдийн засгийн хэмнэлтийг бий болгоход ач холбогдолтой ажээ.