Монгол Улс улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон орон болж өнгөрсөн оны 6 дугаар сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас батламж авсан билээ. Харин өнгөрсөн 3 дугаар сард улаанбурхан өвчний тохиолдол дахин бүртгэгдэж уг өвчний сэжигтэй 16287 тохиолдол бүртгэгдсэнээс 723 нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байгаа ажээ.
“Манай аймагт 3 дугаар сарын 6-наас эхлэн өнөөдрийн байдлаар /2015.06.15/ 163 тохиолдол бүртгэгдсэнээс 22 нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байгаа. Улаанбурхан өвчлөлд 20-39 насны залуучууд, вакцинд хамрагдах нас нь болоогүй бага сартай хүүхдүүд илүүтэй өртөж байна. Нийгмийн бүлгээр авч үзвэл ажил эрхэлдэггүй гэртээ байдаг иргэд, бага насны хүүхдүүд, дийлэнх хувийг эзэлж байна. 5 дугаар сарын 25-наас хойш Улаанбаатар хотод ажиллаж буй иргэд, оюутнууд өвчилж ирж байна. Тус өвчнөөр хүнд болон хүндэвтэр өвчилсөн иргэдийг хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд БОЭТ-д одоогоор 17 хүн хэвтэн эмчлүүлж байна” хэмээн албаны хүн хэллээ.
Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд 6 сартайгаас 5 нас 11 сар 30 хоног хүртэлх бүх хүүхдүүдийг хамруулах аймгийн Засаг даргын шийдвэр гарч энэ оны 5 дугаар сарын 15-наас 25-ны хугацаанд нийт 12544 хүүхэд буюу хамрагдвал зохих хүүхдүүдийн 98 хувь нь тус дархлаажуулалтанд хамрагджээ.
Аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар нь улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдалд байх тухай Эрүүл мэнд, спортын яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн албан даалгавар, аймгийн Засаг даргаар баталгаажуулсан төлөвлөгөө, Эрүүл мэндийн газрын даргын төлөвлөгөөг бүх сум, өрх, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хүргүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна. Мөн улаанбурхан өвчний эмнэлзүй, тархвар судлал, ялган оношилгоо, урьдчилан сэргийлэх талаар БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт сургалт хийж, бэлэн байдлыг хангаж ажиллах талаар үүрэг даалгавар өгчээ.