Жил бүрийн 6 дугаар сарын 17-ны өдрийг “Олон улсын Цөлжилттэй тэмцэх өдөр” хэмээн НҮБ-аас зарласан байдаг. Энэхүү өдрийг манай улс 2007 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Цөлжилттэй тэмцэх олон улсын өдрийг тэмдэглэх нь цөлжилтийн хор уршиг, цөлжилт үүсэж буй шалтгаан, нөхцлүүдийн тухай ойлголтыг олон нийтэд хүргэх, цөлжилттэй тэмцэхэд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Өнөөгийн байдлаар Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 72 хувь нь цөлжилтөнд ямар нэгэн байдлаар өртсөн байна. Харин Өвөрхангай аймгийн хувьд уур амьсгалын ерөнхий өөрчлөлт, ургамлан нөмрөгийн олон жилийн явцын хандлага зэргээс үзэхэд аймгийн хэмжээнд нутгийн 9.04 хувь нь цөлжилт, газрын доройтол илрээгүй, 12.05 хувь нь сул, 33.0 хувь нь дунд, 43.53 хувь нь хүчтэй, 2.38 хувь нь нэн хүчтэй цөлжсөн судалгаа гарчээ.