Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн улмаас амь нас, эрүүл мэндэд нь ноцтой аюул занал тулгарсан хүүхэд, эмэгтэйчүүдийг түр байрлуулах хамгаалах байр ажиллаж эхэллээ. Орон нутгийн төсвийн 55 сая, Австралийн сангийн 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр байрлуулах хамгаалах байртай болж байгаа юм.
Энэ сарын 19-ний өдөр тус байрны нээлтийн үйл ажиллагаа болов. Нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Д.Тогтохсүрэн, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа болон албаны бусад хүмүүс оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнг Хүүхдийн төлөө үндэсний газрын “Сайн үйлс” медалиар шагнасныг салбарын сайд гардуулж өгсөн юм.
“Түр хамгаалах байр” нь Стандарчилал, хэмжил зүйн Үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаар тогтоолоор батлагдсан MNS:6040-2009 “Гэрч, хохирогчийг хамгаалах стандартын шаардлага”-д нийцсэн бөгөөд 8 ортой, хөгжлийн буюу амралтын өрөө, хүүхдийн өрөө, насанд хүрэгчдийн унтлагын өрөө, зөвлөгөө мэдээллийн өрөө, ажлын өрөө, гал тогоо, угаалгын өрөөтэй зохион байгуулагдсан.
Тус байранд ирсэн үйлчлүүлэгчдийг тайвшруулах, зөвлөгөө өгөх сэтгэл зүйч тогтмол ажиллахаас гадна хамгаалах байрны болоод үйлчлүүлж байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг Тахарын алба хариуцан ажиллана.