Арвайхээр хотын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Тусгай бүлэгт өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй 31 хүүхэд суралцаж байгаагийн 16 хүүхэд нь хараа, сонсголын, 15 хүүхэд нь оюуны бэрхшээлтэй байна.
Эдгээр хүүхдүүдийг нийгэмд өөрсдийгөө авч явах чадварт сургах, боловсрол олгох, хөгжүүлэхэд орон нутгийн зүгээс анхаарч ажиллаж байна. Тодруулбал аймгийн Засаг даргын Тамгын газар, Энх тайвны корпус, ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захиргаа хамтран Тусгай бүлгийн сурагчдын анги, кабинетийг засварлаж, “Амьдрах ухааны танхим”-ыг шинээр нээж тохижууллаа.
“Амьдрах ухааны танхим”-ын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Энх тайвны корпусын сайн дурын ажилтан Жеп ровллинж болон холбогдох албаны хүмүүс, эцэг, эхчүүд оролцлоо.
Уг танхимыг гал тогооны иж бүрэн тавилга, хэрэгслээс эхлээд айл гэрт хэрэгцээтэй ахуйн хэрэглээний эд зүйлсээр тохижуулсан нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдийн гараар хоолоо хийх, оёж хатгах гээд амьдрах ухааны боловсролоор дамжуулан сурч боловсрох, хөгжих, өөртөө итгэлтэй болох боломж илүү нээгдэж байгаа юм.
Тусгай бүлэг нь анх 2001 оноос 7 хүүхэдтэй сургалт хүмүүжлийнхээ ажлыг эхэлсэн. Өдгөө 116 хүүхэд энэхүү ангийг дүүргэснээс их, дээд сургуульд 2, энгийн ангид 4, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 10 хүүхэд тус тус дэвшин суралцжээ.