2015 оныг аймгийн хэмжээнд “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон ажиллаж байна. Зорилтот жилийн хүрээнд эмч нарын ур чадварыг сайжруулах, туршлагыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж байгаагийн нэг нь “Залуу эмч нарын анхдугаар чуулга уулзалт” юм. Залуу эмч нарыг өөр хоорондоо сайн туршлага солилцох, тулгамдсан асуудлаа хэлэлцэх, тэдний ур чадвар манлайллыг нэмэгдүүлэх, цаашдаа аймаг, орон нутгаас залуу эмч нарыг дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хийх ажлуудын талаар ойлголт өгөх зорилгоор уг чуулганыг зохион байгуулж байгаа юм. Чуулганд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Сэрчмаа, 80 гаруй залуу эмч оролцлоо.
Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн чуулганыг нээж хэлсэн үгэндээ: “Эрүүл мэндийн асуудал бол нийгмийн хамгийн суурь асуудал. Өнөөдөр Монголчуудын өмнө тулгамдаж байгаа нэг номерийн асуудал бол эрүүл мэндийн асуудал болоод байна. Тийм ч учраас бид 2015 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон ажиллаж байна. Хүн эрүүл байж боловсролтой байх тухай, хөдөлмөрлөх тухай, аз жаргалтай амьдрах тухай боддог. Та бүхэн Монгол хүний хөгжлийн хамгийн суурь асуудлыг гартаа атгаад ажиллаж буй хүмүүс юм. Орон нутагт эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг сайжруулахад залуу эмч нар цаг ямагт мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, ажилдаа дүн шинжилгээ, судалгаа хийж туршлагаа нэмэгдүүлэх, өрсөлдөөн бий болгох шаардлагатай. Мөн эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд залуучуудыг уриалан дуудаж, манлайлахад анхаарч ажиллах хэрэгтэй.” хэмээн онцоллоо.