Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойг угтаж аймгийн хүндэтгэлийн хаалгыг барьж байгууллаа. Арвайхээр хотоос зүүн хойш 17 км, Онги голын гүүрнээс 3.2 км зайд улсын чанартай АО301 чиглэлийн автозам дээр уг хүндэтгэлийн хаалгыг сүндэрлүүлэв. Хаалганы нээлтийн үйл ажиллагааг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Самданжигмэд, “Нутгийн буян групп” ХХК-ийн ерөнхий захирал Л.Бат-Орших нар оролцож тууз хайчиллаа.
Энэхүү хаалга нь 23.9 м урт, 2.4 м өргөн 14 м өндөртэй бөгөөд автомашин гарах хэсгийн өндөр 7.6 м бөгөөд Монгол үндэснийхээ хээ угалз болон Монгол гэрийн хэлбэрийг санагдуулам нуман аркаар чимэглэсэн. Хаалганы дээд талд жаргалын найман морь, цагаан бөлбөө цэцгэн дээр Өндөр гэгээний мөнхийн бүтээл “Соёмбо”-ыг байрлуулсан юм. Мөн хаалганы хажууд машины зогсоол, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, хогийн сав зэргийг шийдэж өгсөн иж бүрэн бүтээн байгуулалтын ажил болжээ.
Хүндэтгэлийн хаалгыг “Нутгийн буян” групп ХХК барьж гүйцэтгэсэн байна.