Тус хурлаар өнгөрөгч гурван долоо хоногийн хугацаанд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд хандсан иргэдийн санал хүсэлт, гомдол хийгээд аймаг, орон нутгийн цаг үеийн ажлын талаар хэлэлцэв. Дээрх хугацаанд нээлттэй утсанд нийт 91 иргэн хандаж 51 иргэн гомдол гаргаж, 40 иргэн мэдээлэл лавлагаа авсан байна. Иргэдийн дийлэнх нь ажиллаж, амьдарч буй орчин нөхцөлтэй холбоотой гомдол гаргажээ.
Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн хэлтэс, албадын дарга нарт цаг үеийн холбогдолтой мэдээлэл хийж, холбогдох үүрэг даалгавруудыг өгөв.
Тухайлбал сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг сайтар хангах, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамралтын асуудалд онцгой анхаарч бүртгэлийн ажлыг зохион байгуулах, 9 дүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулах, Мал аж ахуй болоод төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, Архив, бичиг хэргийн улсын үзлэгт бэлтгэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд онцгой анхаарч ажиллахыг холбогдох хэлтэс, албадын дарга нарт үүрэг болголоо.