Энэ жил аймгийн Хөгжимт драмын театрын 30 жилийн ой тохиож байгаа. Тус байгууллагын хамт олноос түүхт ойгоо угтан энэ хугацаанд тайзнаа тавьж байсан 30 уран бүтээлийг шинэчилж, үзэгчдэд сар бүр бэлэг барьж байгаа юм. 8, 9 дүгээр сард жүжгийн зохиолч Х.Наранжаргалын “Харамсалтай нь хайртай”, МЗЭ-ийн шагналт зохиолч Н.Даваадашийн зохиол “Цэцэн бэрийн шийдэл”, Хүүхдийн зохиолч Ч.Ойдовын зохиол, Н.Жаргалсайханы хөгжим “Аргат бяцхан баатар” гэсэн гурван жүжгийг тайзнаа тавихаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Өнгөрсөн саруудад тус театрын хамт олноос “Өврийн хангайн дуулал” хүндэтгэлийн тоглолтыг Улаанбаатар хотноо АСА циркэд тоглож, Өндөр гэгээн Г.Занабазарын 380 жилийн ойд зориулсан даншиг наадмаар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон байна.
Цаашид театртаа ажиллаж явсан, гавьяаны амралтаа авсан бүхий л хүмүүсийг хамруулж түүхчилсэн тоглолт зохион байгуулахаар төлөвлөөд байна.