2015-2016 оны хичээлийн жилийг угтаж аймгийн “Багш нарын бага хурал” энэ сарын 23-ны өдөр Арвайхээр хотноо зохион байгуулагдлаа. Өнгөрсөн хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн ажилдаа үнэлэлт дүгнэлт өгөх, шинэ хичээлийн жилийн зорилтоо тодорхойлох зорилготой тус хуралд аймгийн боловсролын салбарын 2200 гаруй багш, ажилтныг төлөөлж 500 орчим багш, удирдлагууд хамрагджээ.
Аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёлын газрын дарга Ч.Самбуу-Ёндон 2014-2015 оны хичээлийн жилийн ажлын тайланг бага хуралд оролцож буй багш нарын төлөөлөлд танилцуулж, ололт амжилт, алдаа оноогоо хэлэлцэв.
Мөн аймгийн багш нарын Ёс зүйн зөвлөлийн өнгөрсөн хичээлийн жилийн тайланг сонсож, 2015-2016 онд ажиллах Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа.