2015-2016 оны хичээлийн жилд СӨБ-ын болон Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Суурь боловсролын багш, удирдах ажилтнуудад арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг Арвайхээр хотод 8 дугаар сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд нийт 771 багш, удирдах ажилтнууд хамрагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймаг, орон нутгийн удирдлагууд оролцов.
Тус сургалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв аймаг, дүүргийн Боловсрол, соёлын газар, Хэрэгжилтийн баг хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд дараах үр дүнг хүлээж байгаа ажээ.
1. Суурь боловсролын цөм хөтөлбөрийн талаар нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй болно.
2. Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, арга зүйн онцлогийг ээлжит хичээл, үйл ажиллагаа төлөвлөх, хэрэгжүүлэх, ажиглах замаар судална.
3. Хичээл, сургалтыг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах арга зүйд суралцана.
Мөн энэ хичээлийн жилд бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг Мэргэд лаборатори сургууль туршина.