• Албан ёсны цахим хуудас
ЭМГЭНЭЛ
ЭМГЭНЭЛ
 
ДАШДОРЖИЙН ЦЭРЭНТОГТОХ
/1951-2015/
 
 
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр таалал төгсөж, Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо.
 
Д.Цэрэнтогтох 1951 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт малчин ард Дашдоржийн 6 дугаар хүү болон төрж, 1968 оноос үндэсний бөхийн барилдаанаар спортын гараагаа эхлүүлсэн юм.
 
Тэрбээр 1972 онд 6 давж улсын өсөх идэр начин, 1977 онд 7 давж улсын заан, 1978 онд Улсын баяр наадамд түрүүлж улсын арслан, 1979 онд Монголын Бүх ард түмний 6-р спартикадад өвдөг шороодолгүй түрүүлж улсын аварга, 1980 онд 9 давж түрүүлэн даян аварга, 1981 онд 8 давж үзүүрлэн дархан аварга, 1983, 1984 онд түрүүлж далай даян даяар дуурсагдах дархан аварга цолыг хүртжээ. 
 
Мөн 1981, 1986, 1987, 1988, 1990 онд Улсын баяр наадамд үзүүрлэн, 1972, 1977, 1979, 1982, 1985, 1989 оны улсын наадам болон 1990 оны “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулсан даншиг наадмуудад нийт 19 удаа шөвгөрсөн эгэлгүй үнэн хүчтэн байлаа.
 
Д.Цэрэнтогтох нь 30 гаруй жил баяр наадмыг манлайлан барилдахдаа өсөх идэр, өрнөн дэлгэрэх, тод сонин үзэсгэлэнт, далай дайчин, манлайн баясгалант, баяр наадмын манлай, бүхнээ дуурсгалт, хотлоор баясгагч, улс даяар гайхамшигт, олныг баясуулагч, үнэн хүчит, түмнээс төгөлдөр, бууршгүй хүчит, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цол, чимгүүдийг хүртсэн юм.
 
Мөн чөлөөт бөхийн спортоор хичээллэж, 1974 онд Ираны Тегеран хотод зохиогдсон Азийн тоглолтын анхны аварга, 1980 онд Москва хотод болсон зуны Олимпийн их наадмын шагналт тавдугаар байр болон дэлхийн цомын мөнгө, хүрэл медалийг тус тус хүртэж, эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсган Монгол түмэндээ хүндлэгдсэн нэгэн байв. 
 
Д.Цэрэнтогтох нь үндэсний болон чөлөөт бөхийн залгамж халааг бэлтгэх, үндэсний ёс заншлыг дээдлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан сурган хүмүүжүүлэгч төдийгүй түмэн олныхоо өмөг түшиг болсон гүндүүгүй Монгол эр хүн байсан юм.
 
Тэрбээр Ээрмэлийн үйлдвэр, Ноосны нэгдэлд хангамжийн мэргэжилтэн, барилга угсралтын “Тахидаг Овоо” ХХК-ний захирлаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан ажилсаг, хөдөлмөрч нэгэн байлаа.
 
Түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин цол хүртээж, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнажээ.
 
Талийгаачийн гэгээн дүр, эх орноо гэсэн халуун сэтгэл, хүнлэг энэрэнгүй,  ажилч, хөдөлмөрч, төлөв даруу зан чанар нь Монгол хүн бүрийн сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
 
 
Ц.ЭЛБЭГДОРЖ, З.ЭНХБОЛД, Ч.САЙХАНБИЛЭГ,
Д.БАТЦОГТ, Г.ШИЙЛЭГДАМБА, Д.ЛҮНДЭЭЖАНЦАН, Д.ЗОРИГТ, Г.БАТХҮҮ, 
Б.БАТ-ЭРДЭНЭ, Д.СУМЪЯАБАЗАР, Н.БАТЦЭРЭГ, М.БАТЧИМЭГ, З.БАЯНСЭЛЭНГЭ, Я.СОДБААТАР, Г.ГАНБОЛД, Д.ТОГТОХСҮРЭН
 
2015-08-27 20:23:15