Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нар сэтгүүлчидтэй уулзаж зуны саруудад аймаг, орон нутагт өрнөсөн үйл явдал хийгээд цаг үеийн ажлын талаарх мэдээллийг өгсөн юм.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд Ардын хувьсгалын 94, аймаг байгуулагдсаны түүхт 84 жилийн ойн баяр наадам, Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх ёслол, төвийн бүсийн хурд 2015 наадам, Арвайн хүрээний Бандид ламтны 6 дугаар дүрийн гэгээнтэн Дэнзэнжамъянлодонд Баторшил өргөх ёслолын талаар мэдээлэв.
Тухайлбал аймгийн баяр наадамд 17 настай залуу бөх түрүүлж аймгийн Арслан цол хүртсэнийг түүхэнд бичигдэх ховор үйл явдал хэмээн онцоллоо. Өндөр гэгээн Г.Занабазарын түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулж Баторшил өргөх даншиг наадам зохион байгуулахаас илүүтэй гэгээнтнийг төр нийгэм, шашин, соёл урлагийн гарамгай зүтгэлтэн болохыг олон нийт, залуу хойчдоо таниулах зорилгоор жилийн хугацаанд олон бүтээлч ажил хийснийг дурдав. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаанууд болон бүтээн байгуулалтын ажилд Засгийн газраас 580 сая төгрөг, орон нутгаас 320 сая төгрөг зарцуулсан байна. Мөн Арвайн хүрээний Бандид ламтны 6 дугаар дүрийн гэгээнтэн Дэнзэнжамъянлодонд Баторшил өргөх ёслолд Төвдийн төрийн Чойжин лам хүрэлцэн ирж Өвөрхангай аймгийн ард түмний нас буяныг тэгшитгэх зорилгоор “Насны авшиг”, аюул осол, муу зүйлээс хамгаалах “Пүрэвийн ван” номуудыг айлджээ. Түүнчлэн Гандантэгчэнлин хийдийн томоохон гавж, Ганданпунцоглин хийд, сумдын хийдийн хамба, лам хуврагууд оролцсон байна. Өнгөрөгч 7, 8 дугаар сард баяр наадам, сургууль, цэцэрлэг, соёлын төвүүдийн түүхэн ой болж өнгөрснийг онцлов.
Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн аймаг, орон нутгийн цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийлээ. Өвөрхангай аймгийн нийт нутгийн 65 хувь зуншлага сайн, 25 хувь нь зуншлага тааруу, 15 хувь нь гантай хэмээлээ. Манай аймаг энэ жил 1 сая гаруй төл хүлээж авсан нийт 4.2 сая малтай, бэлчээрийн даац 2-оос 3 дахин хэтэрсэн иймд өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах шаардлага байгааг онцоллоо. 9 дүгээр сарын 15-наас 25-ны хооронд 18 суманд аймгийн удирдлагуудаар ахлуулсан ажлын хэсэг гарч өвлийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, багуудын хурлыг зохион байгуулах аж. Мөн өвлийн бэлтгэлтэй холбоотой хүндрэлтэй асуудлууд байгааг хэллээ. Тодруулбал 1. Махны үнэ хямд байгаа нь малчдыг мал махаа борлуулахад хүндрэл учруулж буйг 2. Отрын гол бус нутаг болдог Булган аймгийн Дашинчилэнгийн бүс нутгуудад зуншлага муу байгаа улмаас зүүн талын сумдын малыг бусад отрын бүс нутгуудад өвөлжүүлэх асуудал 3. Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхтэй холбоотой дээрх 3 асуудал өвөлжилтийн бэлтгэл ажлын өмнө тулгараад буйг шийдвэрлэхээр ажиллаж байна гэв.
Намрын тариа, ногоо хураах ажилтай холбоотой Хархорин сумын үр тарианы аж ахуйн нэгжтэй газар дээр нь танилцаад 1 га-аас 10-12 центнер үр тариа буюу нийт талбайн 80 орчим хувийг хурааж авна гэсэн урьдчилсан тооцоо байгаа гэлээ.
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хувьд аймгийн хүндэтгэлийн хаалга, наадмын талбайн их засвар, Арвайхээр хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил, Соёмбо бүтээх ажил, Морины шүтээний цахилгаан хангамжийн ажил, Богд сумын инженерийн шугам сүлжээний ажил, Сант сумын инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн ажил, Богд, Баруунбаян-Улаан, Төгрөг, Уянга, Арвайхээр хотын 2 дугаар сургуулийн их засварын ажил, Хархорин сумын автозамын 700 м суурь далангийн ажил, БОЭТ-ийн их засварын ажил төлөвлөгдсөний дагуу хийгдэж хүлээж авсан байна.
Түүнчлэн Арвайхээр хотод баригдаж буй 4.3 км автозамын ажил 40-50 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байгаа бөгөөд 10 дугаар сарын 1-нээс 10-ны хооронд дуусгахаар гэрээнд тусгагджээ. Мөн Гучин-Ус сумын цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажил 9 дүгээр сарын 10-нд, Уянга сумын Жаргалант багт баригдаж буй хүн эмнэлгийн барилга 10 дугаар сарын 1-нд, Хархорин сумын 2 дугаар цэцэрлэгийн засвар 10 дугаар сарын 1-нд тус тус ашиглалтад орох юм.
Тус уулзалтын үеэр аймгийн удирдлагууд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Д.Цэрэнтогтохын оршуулгын ажлыг аймгийн хэмжээнд ёслол хүндэтгэлтэйгээр зохион байгуулахыг орон нутгийн хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Талийгаачийн хувьд нэг талаараа хувь хүн боловч нөгөө талаараа Өвөрхангай аймгаас төрсөн ноён оргилуудын нэг тул оршуулгын арга хэмжээг ёс журмын дагуу, чадлынхаа хэрээр зохион байгуулна гэлээ.