Эх орны үйлдвэрийн чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой “Өвөрхангай түншлэл 2015” намрын баяр үзэсгэлэн худалдаа 15 дахь жилдээ зохион байгуулагдана.
Тус үзэсгэлэн худалдааг аймгийн Засаг даргын Тамгын газар, Өвөрхангай аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим, аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Арвайхээр хотын ЗДТГ хамтран зохион байгуулах юм. Үзэсгэлэн худалдаа 9 дүгээр сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Хөгжимт драмын театрт болох бөгөөд шинэ ургацын хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, шилмэл малын худалдаа, гэрийн мод, модон эдлэл, гар урлал, бэлэг дурсгалын зүйлс, барилгын материал зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүнээр Өвөрхангайн төдийгүй бусад аймаг, орон нутгийн үндэсний үйлдвэрлэгчид оролцох ажээ.