Өвөрхангай аймгийн Богд сум
“Сэрвэн хайрхан” малчдын бүлэг
Мал маллахын зэрэгцээ аялал жуулчлалын бизнес эрхэлж, бас гар урлалын бүтээгдэхүүн хийдэг мундаг хөдөлмөрч хүмүүс Өвөрхангай аймгийн Богд суманд амьдардаг юм байна. Анх эгч дүү гурав хамтарч, малчдын хоршоо байгуулан малынхаа түүхий эдийг боловсруулан зах зээлд борлуулдаг байсан бол Сум хөгжүүлэх сангаас зээл авснаар аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах болжээ. Сэрвэнгийн агуйг түшиглэн гэр бааз барьж, жуулчид хүлээж авдаг “Сэрвэн хайрхан” малчдын хоршоог Н.Насантогтох хэмээх бүсгүй удирддаг. Тэрбээр эгч дүү нартайгаа нийлэн Монголын хамгийн том буюу 24 метр урт, 180 см өргөн ширдгийг ширсэн юм.
Н.Насантогтохын эгч дүү нар нь бүгд дээл оёж, ширдэг хийдэг уран хүмүүс байдаг учраас тэрбээр хамаатнуудаа нэгтгэн бүлэг хоршоо байгуулах юмсан гэж олон жил дотроо бодож явсан ч хөдөөгийн малчид зүг зүг рүү нүүж явчихаад нэгдэж өгөхгүй байжээ. Харин 2011 онд сумынхаа Засаг даргад хүсэлт тавьснаар малчдын хоршоо байгуулжээ. Анх таван өрх айл тус бүр 100.000 төгрөгөөр нийлэн “Дундын сан” байгуулан булаг, бэлчээр хаших ажил хийжээ. Мөн малынхаа ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэн сумын хэмжээнд жилд нэг удаа зохиогддог үзэсгэлэн худалдаанд оролцсон байна. Түүнээс хойш байнга аймаг, хотын үзэсгэлэн худалдаануудад оролцон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр хэд хэдэн удаа шалгараад байгаа юм. Одоо “Сэрвэн хайрхан” малчдын хоршоо таван өрхийн нийт 11 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хоршиж ажилласны давуу тал мэдээж их шүү дээ.
“Сэрвэн хайрхан” малчдын бүлгийнхний гол ажил зуны дэлгэр цагт ид буцалдаг байна. Учир нь гэр баазад нь ирсэн жуулчдад үйлчлээд зарим үед малтай гэдгээ ч мартчихдаг гэсэн шүү. Тэд жуулчдад хоол, цайгаар үйлчлэхээс гадна малчин айл тэмээгээр хэрхэн нүүдэл хийдэг болон нүүж ирж буй хүмүүсийг угтаж авах монгол ёс заншлыг өөрсдөө биечлэн үзүүлдэг байна. Мөн морь, тэмээ унуулахаас гадна цагаан идээ боловсруулах, утас ээрэх, дээс томох, ширдэг ширэх гэх мэтийн малчин хүний аж амьдрал, өв соёл, онцлогийг харуулсан үйлчилгээ үзүүлдэг гэнэ.
Дээд боловсрол эзэмшээгүй, насаараа мал малласан хүн гадаад хүнтэй харилцан хэл яриагаар ойлголцдог гэхээр нэг бодлын итгэмээргүй ч юм шиг. Н.Насантогтох энэ тухай “Би аялал жуулчлалын сургалтад маш олон удаа суусан. Гадаад хэлээр хоёр ч гэсэн үг хэлж сурчих гээд их л хичээдэг юм. Дээд боловсролгүй, насаараа мал дээр байсан надад дутуу дулимаг зүйл маш их байдаг” хэмээн ярьсан юм. Жуулчны баазтай болох гэсэн түүний чин хүслийг 2013 онд аймгийн Аялал жуулчлалын газрын дарга биелүүлэн, хоёр ч тур оператор компанитай холбож өгчээ. Анх улсын аялал жуулчиллын үзэсгэлэнд ширмэл ширдгээрээ оролцонгоо энэ төрлийн бизнес эрхлэгчидтэй танилцан туршлага судалсан байна.
Дараа нь тэрбээр дөрвөн ортой ганцхан гэр барин жуулчид хүлээн авчээ. Анхны жилд 46 жуулчин ирсэнд ихэд урам зориг орж, Сум хөгжүүлэх сангаас дөрвөн сая төгрөгийн зээл авч өөрийнхөө хоёр гэр дээр дахин нэг гэр, хэд хэдэн ор худалдан авсан байна. Гурван гэр жуулчдад хангалтай хүрэлцэхгүй байсан учраас эгч дүүгийнхээ гурван гэрийг барьж, нийт зургаан гэртэй болсноор нэг удаадаа 30 жуулчин хүлээн авах хүчин чадалтай болжээ. Гэрт хонох нэг өдрийн хөлсөнд доллар авдаг бол гар урлалын бүтээгдэхүүнээ суманд зардгаасаа арай илүү өндөр үнээр борлуулдаг байна. Тухайлбал, 1 мкв ширмэл ширдгийг суманд 100.000 төгрөгөөр борлуулдаг бол жуулчдад 150.000 төгрөгөөр зарах жишээтэй. Тус хоршооныхон аялал жуулчлалаас олсон орлогоо хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт зарцуулдаг аж. Сүүлийн жилүүдэд манай улсад аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа учраас Н.Насантогтох нэг охиноо энэ чиглэлээр сургахаар болсон гэнэ. Малчин айлын хувьд гэр жуулчны баазын үйл ажиллагаа явуулахад гол тулгардаг бэрхшээл нь бороо хур багатай, ногоо гарахгүй үед нүүдэл хийхээс өөр аргагүй байдалд хүрдэг асуудал юм. Тэр үед нь нэг айлдаа баазын гэрүүдээ даатгаж үлдээгээд малыг нь хуваан авч малладаг байна.
“Сэрвэн хайрхан” малчдын хоршооны хамт олон ирэх жилээс жуулчны баазынхаа гэрийн тоог нэмэгдүүлж, мод тарьж, ногоон байгууламжтай болгохоор төлөвлөсөн гэнэ. Мөн агуйнхаа аман дээр сүүдрэвч барих аж. Ийнхүү Монголын хамгийн том ширмэл ширдэг ширсэн бүсгүйчүүд аялал жуулчлалын бизнес эрхлэн баялаг бүтээж байгаа нь олон хүнд хөдөлмөрлөх сэдэл, хүсэл төрүүлэх биз ээ.