“Өвөрхангай түншлэл 2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 24-ний өдөр аймгийн Хөгжимт драмын театрт эхэллээ. Жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулагддаг тус арга хэмжээг бизнес эрхлэгчид төдийгүй иргэд хүсэн хүлээдэг болсон. Энэ жил 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй үзэсэгэлэн худалдаа, намрын баярын нээлтийн үйл ажиллагаанд аймаг, орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид, иргэд, олон нийт өргөнөөр оролцлоо. Тус үзэсгэлэн худалдааны зорилго нь үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, иргэдэд эх орны үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авах нөхцөл боломжийг олгож байгаагаар онцлог юм.
Үзэсгэлэн худалдаа 3 хоногийн турш үргэлжлэх бөгөөд Өвөрхангай аймгаас 15 сум, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Архангай, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Төв аймгийн үндэсний үйлдвэрлэгчид оролцож байна. Шилдэг оролцогчдыг шалгаруулж 10 дугаар сарын 9-нөөс 11-ний хооронд Эрдэнэт хотод зохион байгуулагдах Хангайн бүсийн үзэсгэлэн худалдаанд оролцох эрхийг олгох юм.
“Өвөрхангай түншлэл 2015” үзэсгэлэн худалдаа, намрын баярыг аймгийн ЗДТГ, Өвөрхангай аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Арвайхээр хотын ЗДТГ хамтран зохион байгуулж байна.