• Албан ёсны цахим хуудас
Омгийн хонины эзэд Баянголчууд

Очсон газар бүхэн элэгсэг дотно угтаж, цагаан сүүгээ өргөсөөр үдэж байгаад өөрийн эрхгүй хийж буй ажлаараа бахархах сэтгэл төрж байлаа. Ийм л сайхан буянтай ажил хийж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн багийнхан маань сүүн зам татуулсаар дараагийн сум болох Баянгол суманд хүрэлцэн ирлээ. Биднийг очих үеэр тус суманд омгийн хонины баяр буюу малчдын цугларалт болох гээд хөл хөдөлгөөн ихтэй байсан юм. Баянгол сум нь нутагтаа хонины сүүн ээзгий, тараг сонгино, омгийн хониороо алдартай. Тиймдээ ч Баянголчууд өөрсдийн  нэг брэнд болох омгийн хонио өөрийн нэр дээр баталгаажуулж, омгийн хонины баяраа хийх гэж байгаа нь энэ ажээ.


Өвөрхангай аймгийн Баянгол сум нь говь хээрийн бүсэд багтах бөгөөд баруун, хойд, зүүн талаараа өөрийн аймгийн Tөгрөг, Тарагт, Сант,  өмнөд талаараа Дундговь аймгийн Сайхан-овоо сумтай тус тус хиллэдэг. 354257 га нутаг дэвсгэртэй, засаг  захиргааны зургаан баг, 1141 өрх, 3967  орчим хүн амтай байна.
Тус сум нь “Хүний хөгжлийг дээдэлсэн удирдлагын зөв тогтолцоотой, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангасан, өөрийгөө тэтгэсэн тогтвортой эдийн засаг бүхий загвар сум” болох зорилго тавьж ажиллаж байгаа юм.


Сумын нийт өрхийн 72.5 хувь  нь мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа бөгөөд нэг өрхөд дунджаар 154 толгой мал, өрхийн нэг ам бүлд 42.7 толгой мал оногддог байна.

Өрхийн тариалан Бизнес Хөгжил ТББ-ын хоршоог дэмжих төсөл суманд хэрэгжиж нийт 40 өрхийг  гурван жилийн хугацаанд хүнсний ногоо, малын тэжээл тариалах арга барилд сургаж ажлын байраар хангаж, санхүүгийн болон арга зүйн дэмжлэг үзүүлжээ.
Энэ төслийн хүрээнд голын сав дагуу 3.5 га газарт боловсруулалт тариалалт хийсэн аж. Мөн дэлхийн зөн олон улсын байгууллагын Услалтын систем бүхий бичил орчин “Нутгийн зөн” хоршоо, Агропарк  сургалтын талбай бүхий хоёр газар тариалангийн үйл ажиллагаа явагдаж байна.


Энэхүү ажлын жишээ болж, үр дүнтэй ажиллаж буй нэгэн айлыг бид онцолж очсон юм. С.Батцэнгэлийнх  чацаргана тарьж эхлээд 11 жил болж буй. Анх 800 мод  тарьсан гэр бүл одоогоор 2000 гаруй чацарганы модтой болоод байгаа ажээ. Тэрбээр “Энэ бол нэг төрлийн бизнес, хувь хүнд төдийгүй суманд ч хэрэгтэй ажил.  Манайх нэг ёсны сайн үйлсийн байгууллага шиг  л ажилладаг” хэмээн ярьж байсан юм.


Тиймдээ ч сумын төвийн эмнэлэг, цэцэрлэг, сургуульд чацарганаа үнэ төлбөргүй нийлүүлдэг байна. Мөн С.Батцэнгэл гуай чацарганаа боловсруулах үйлдвэртэй болохыг хүсдэг тухайгаа хуучилсан юм. Тиймээс аймгийн засаг захиргаа ажилч, хичээнгүй иргэнээ дэмжиж үйлдвэржилтэд нь хөрөнгө оруулалт хийнэ гэдэгт итгэлтэй байна.
Сумын төвд үйлдвэрлэл явуулж, борлуулалтаа өсгөнө гэдэг амаргүй ажил. Харин Баянгол суманд үйлдвэрлэлээ амжилттай эрхэлж яваа олон иргэд биднийг угтсан юм. Үүний нэг жишээ бол яах аргагүй  “МЖД” ХХК болон “Зөөлөн эдлэл” бүл байлаа.


“МЖД” ХХК-ийн хувьд үүсгэн байгуулагдаад хоёр жилийн нүүрийг үзэж байгаа ч хэдийнэ өөрсдийн гэсэн хүрээллийг бий болгож, чанартай эсгийг худалдаанд гаргаж эхэлжээ. Тус компани орон нутгийн малчдаас түүхий эдээ татдаг бөгөөд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүний чанар, эдэлгээнд 100 хувь баталгаа өгч байлаа. “МЖД” ХХК-ийн үйлдвэрлэн гаргаж буй эсгийний чанарын нууц нь  дан ахар, хурганы ноос ашиглаж хийдэгт оршдог аж. Одоогоор тус хамт олон улирлын чанартай буюу  6-10 сарын хооронд үйлдвэрлэлээ явуулж байна.


Харин “Зөөлөн эдлэл” бүлийн хамт олон ур хийц, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн дээр сургуулийнхаа нийт хүүхдүүдийн дүрэмт хувцсыг оёж нийлүүлдэг байна.


Анх хоёр хүний бүрэлдэхүүнтэй ажлын гараагаа эхэлж байсан тус хамт олон таван жилийн дотор үйл ажиллагаагаа өргөжүүлж, нутгийн иргэдийн сэтгэлд хүрсэн сайхан хийцтэй хувцсаараа гайхагдсаар байгаа юм.


Ийнхүү бид нутагтаа баялаг бүтээж буй Баянголчуудыг алдаршуулсан юм.

2015-09-30 04:07:51