Монгол улсад Төрийн хяналтын байгууллага үүсч хөгжсөний түүхт 20 жилийн ойг тэмдэглэж байна
Аймгийн Аудитын газар өнөөдөр /2015.10.14/ Монгол улсад Төрийн Хяналтын байгууллага үүсч хөгжсөний түүхт 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойг тохиолдуулан “Төрийн хянан шалгах хорооноос Аудитын газар” хэмээх нэртэй номыг эрхлэн гаргажээ. Тус номонд 20 жилийн түүхэнд энэхүү байгууллагад ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа хүмүүсийн дурсамж дурдатгалыг өгүүлсэн байна.
Аймгийн Хянан шалгах хороо нь анх 1995 оны 5 дугаар сард байгуулагдаж, даргаар нь М.Адъяатулгат, орон тооны бус хорооны гишүүдэд Б.Дашпунцаг, Т.Түдэвренчин, Ц.Баатар, А.Тулгаа нар сонгогдон ажиллаж байжээ.
Улсын Их Хурлын 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Төрийн Аудитын тухай хуулийг баталж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хүчингүй болгосноор Төрийн хяналт шалгалтын хороо, аймаг, нийслэлийн Хяналт шалгалтын хороод татан буугдаж, Хянан шалгах хороодын материаллаг бааз, өмч хөрөнгө, боловсон хүчнийг түшиглэн, суурин дээр нь Үндэсний Аудитын газар, аймаг, нийслэлийн Аудитын газрууд байгуулагдсан түүхтэй.
Аймгийн Аудитын газар нь сүүлийн 20 жилийн байдлаар 36.0 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлэн, 35.5 тэрбум төгрөгийн үр өгөөж тооцон хүлээн зөвшөөрүүлж, 2.1 тэрбум төгрөгийн төбөрийн акт тавьж барагдуулан, 40.0 тэрбум төгрөгийн албан шаардлага хүргүүлэн биелэлтэд хяналт тавьж зөрчлийг арилгуулан ажилласан байна. Түүнчлэн 2014 онд төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хамруулан нийт 192 байгууллагын санхүүгийн тайланг баталгаажуулан, гүйцэтгэлийн 7, нийцлийн 8 нийт 15 сэдвээр аудит хийж, дүгнэлт гаргаж , үр дүнг тооцон ажиллажээ.
Өнөөдөр аймгийн Аудитын газар нь нийт 12 хүний орон тоотой, нийт ажилтнуудын 91 хувь нь Монгол улсын мэргэшсэн нягтлан бододгч, 1.8 хувь нь магистрийн зэрэгтэй хүний нөөцийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Монгол улсад төрийн хяналт, аудитын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй хүмүүсийг Төрийн хяналтын тэргүүний ажилтан цол тэмдэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын жуух бичиг, байгууллагын шагналаар шагналаа.
2015-10-14 00:08:02