Монгол цэргийн дүрэмт хувцасны өөрчлөлт, шинэчлэлт үзэсгэлэн Арвайхээр хотноо
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Батлан хамгаалах яамны харьяа Монгол цэргийн музей, аймгийн музей, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар анги хамтран “Монгол цэргийн дүрэмт хувцасны өөрчлөлт, шинэчлэлт” үзэсгэлэнг аймгийн музейн Алдарын танхимд энэ сарын 15-наас 21-нийг хүртэл дэлгэн үзүүлж байна.
Тус үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболд, Монгол цэргийн музейн захирал, хурандаа Г.Золзаяа, аймгийн музейн захирал Ц.Мөнхцоож, 256 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Дамдиндорж, ахмад дайчин М.Цэдэндорж нар хүрэлцэн ирж тууз хайчиллаа.
Үзэсгэлэнд Монгол ардын журамт цэрэг, Монгол ардын хувьсгалт цэрэг, Ардын цэрэг, Монгол ардын арми, Зэвсэгт хүчин хэмээн нэрлэгдсэн бүхий л үе үеийн байлдагч, сурагч, сонсогч, ахлагч, офицер, генералуудын ёслолын, албаны, хээрийн, тусгай зориулалтын дүрэмт хувцас хийгээд цол тэмдгийн өөрчлөлт шинэчлэлтийн түүхийг дэлгэн толилуулж байгаа юм.
Тодруулбал Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадаглагдаж буй 1936, 1944, 1950, 1963, 1978, 1991, 1998 оны үе үеийн дүрэмт хувцасны загварууд болон Маршал Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан, хурандаа генерал Ж.Ёндон, зэрэг цэргийн алдартнуудын өмсөж байсан дүрэмт хувцаснууд, Батлан хамгаалахын төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй түүхэн баримт бичгүүд, дүрэмт хувцасны 30 гаруй иж бүрэн төрөл, төрийн болон цэргийн одон медалиуд зэрэг 150 гаруй эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлж байгаа ажээ.
Тус үзэсгэлэн нь хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, түүхэн гавьяаг таниулах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, Батлан хамгаалахын бодлого, шийдвэрийг сурталчлах зорилготой юм.
2015-10-15 22:24:10