• Албан ёсны цахим хуудас
Гомдлыг таслан зогсоох чиглэлээр арга хэмжээ авч ажиллаагүй тохиолдолд хариуцлага тооцно хэмээв

Долоо хоног бүрийн мягмар гарагт хуралддаг шуурхай хурал уламжлал ёсоор өнөөдөр хуралдлаа. Аймаг, орон нутгийн цаг үеийн ажил хийгээд аймгийн Засаг даргын дэгэдэх Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 7032-1111 нээлттэй утсанд ирсэн иргэдийн санал, гомдлыг хэлэлцдэг тус хуралд хэлтэс албадын дарга нар бүрэн ирцтэй оролцлоо. Өнгөрөгч 7 хоног буюу 10 дугаар сарын 12-ноос 16-ны хооронд тус төвийн нээлттэй утсанд нийт 31 иргэн ханджээ. Тодруулбал 24 иргэн гомдол гаргаж, 6 иргэн мэдээлэл авсан бол 1 иргэн санал гаргасан байна.
Санал, гомдлын дийлэнх нь Арвайхээр хотын ЗДТГ, БОЭТ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар,  Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газар, Боловсрол, соёлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрчим  хүчний газарт хаяглагджээ.
Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирсэн санал, гомдолтой танилцаад холбогдох албаны дарга нарт үүрэг чиглэл өгөв.


Төв бараан захын ойролцоо шинээр автозам, зогсоол ашиглалтад орсонтой холбогдуулан бизнес эрхлэгчид, үйлчлүүлэгчид, таксинуудын зогсоолд зохицуулалт хийж ажиллахыг Арвайхээр сумын Засаг дарга А.Ишдорж, Цагдаагийн газрын дарга Б.Батзаяа нарт даалгалаа.
Мөн хөдөө сумдын эмч нарыг  тогтвор суурьшилтай ажлын байран дээрээ байхад анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн газрын дарга Ч.Сэрчмаад үүрэг болгов.
Түүнчлэн хэлтэс, албадын дарга нарт хандаж МШУТ-д ирсэн санал, гомдолд тодорхой шийдвэр гаргаж, арга хэмжээ авч ажиллахыг санууллаа. Тус төвд ирсэн санал, гомдлыг таслан зогсоох чиглэлээр арга хэмжээ аваагүй тухайн гомдол дахин ирсэн тохиолдолд удирдлагуудад хариуцлага тооцохыг хатуу сануулав.
Жишээлбэл: Боловсрол, соёлын газарт хандаж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн  багш нар хүүхдүүдээс мөнгө хураадаг, багш нарын харилцаа хандлага, ёс зүйтэй холбоотой гомдол олон удаагийн давталттай ирсэн. Үүнийг таслан зогсоох зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар Арвайрхээр хотын ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн эрхлэгч, нэг цэцэрлэгийн эрхлэгчид сануулах арга хэмжээ аваад байна.

2015-10-20 01:36:43