• Албан ёсны цахим хуудас
Нарийн мэргэжлийн эмч нарын баг Тарагт суманд ажиллав

“Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээ хуваарийн дагуу энэ сарын 10-наас 11-ний өдрүүдэд Тарагт суманд үргэлжиллээ.
Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, дэмжих жилийн ажлыг зохион байгуулах хорооны гишүүн Б.Мөнхжаргалаар ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй баг тус сумын иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах, зорилтот бүлгийн иргэдэд эрүүл мэндийн мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Дотор, эхо, эмэгтэйчүүд, зүрхний бичлэг, мэдрэл, бэлгийн замаар дамжих халдвар, лабораторийн шинжилгээнд давхардсан тоогоор 715 иргэн хамрагдаж 487 иргэнд буюу 68.1 хувьд нь өвчлөл бүртгэгдсэн байна. Тарагт сумын иргэдийн дунд зүрх судас, хоол боловсруулах замын эмгэг, бөөр шээсний замын эмгэгүүд зонхилж байгаа бөгөөд БОЭТ-д 51, төрөлжсөн нарийн мэргэжлийн төвд 2 иргэнийг илгээж, онош тодруулж, эмчлүүлэхээр шийдвэрлэжээ.
Үзлэгийн үеэр иргэдэд зориулсан эрүүл мэндийн гарын авлагуудыг тарааж, мэдээлэл сургалт сурталчилгааг зохион байгуулснаас гадна ерөнхий боловсролын сургуультай хамтран өсвөр үеийн 21 хүүхдийг үе тэнгийн сургагч багшаар тусгай хөтөлбөрийн дагуу  шинээр бэлтгэж, эрүүл мэндийн 20 сайн дурын идэвхтнийг чадавхжуулах сургалтыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан юм.
      

   



      
 

2015-10-20 09:46:18