• Албан ёсны цахим хуудас
Төрийн болон иргэний нийгмийн байгууллага, уул уурхай, аж үйлдвэрийн салбарын түншлэлээр аймаг, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой төсөл хэрэгжиж эхэллээ

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачилга хөтөлбөр хамтран “Орон нутгийн цогц хөгжил- 4 талын түншлэл” төслийг Өвөрхангай аймагт хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн нээлтийн семинар өнөөдөр зохион байгуулагдлаа.
4 талын түншлэлийн нээлтийн семинарт аймгийн удирдлагууд, ГОУХАН-ийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачилга хөтөлбөрийн дэд захирал О.Батболдоор ахлуулсан төслийн багийнхан, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, уул уурхайн бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчид оролцлоо.


Төслийн нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн хэлсэн үгэндээ: “Тус төслийг хэрэгжүүлж байгаа Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачилга хөтөлбөрийн хамт олонд талархлаа илэрхийлээд цаашид бид энэхүү төслийг аймгийнхаа хөрсөн дээр үр дүнтэй хэрэгжүүлж амжилт гаргах учиртай. Гадны төсөл хөтөлбөрийг аль болох үр дүнтэй хэрэгжүүлж ажиллах нь чухал байдаг. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд орон нутгийн төр, захиргааны байгууллагын  зүгээс шаардлагатай зүйл дээр анхаарч хамтран ажиллах болно” гэв

Өнгөрөгч 2014 оноос Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс төрийн албан хаагчдын чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж  эхэлсэн төсөл энэ жил 4 талт хамтын ажиллагааны төсөл болон өргөжиж байна. Тус төсөл ийнхүү өргөжсөнөөр төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, уул уурхайн салбар, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг бий болгох, уялдаа холбоог сайжруулах, түншлэлийн хэлбэрээр аймаг, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, төрийн албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагын ажилтнууд, уул уурхай, аж үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэгдэх юм байна.

2015-10-22 10:17:33