• Албан ёсны цахим хуудас
Хөгжимт драмын театрын түүхт 30 жилийн ой тохиож байна

Өнөөдрөөс 30 жилийн тэртээ буюу 1985 онд Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театр албан ёсоор байгуулагдсан түүхтэй. Анхны уран бүтээлээ “Д.Намсрайн “Алтан түлхүүр” драмын жүжиг, “Аз жаргал” нэртэй концертоор эхлүүлж байсан бол өдгөө дэлхийн сонгодог болон өөрийн орны шилдэг бүтээлүүдээр урын сангаа баяжуулсан, орчин үеийн театрын шаардлага бүрэн дүүрэн хангахуйц мэргэжлийн уран бүтээлчидтэй байгууллага болж чаджээ.
Тус театрын хамт олон энэ сарын 26-наас 28-ны өдрүүдэд түүхт ойдоо зориулсан уран бүтээлүүдийг үзэгч олондоо өргөн барих бөгөөд нээлтийн арга хэмжээг Аюуш баатрын талбайд зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёлын газрын дарга Ч.Самбуу-Ёндон, Хөгжимт драмын театрын дарга Н.Баярцэнгэл, энэхүү театрт ажиллаж байсан, ажиллаж байгаа, үе үеийн уран бүтээлчид оролцлоо.


Хөгжимт драмын театрын уран бүтээлчид энэ сарын 26-ны өдөр Ж.Оюун-Эрдэнийн зохиол, Н.Жаргалсайханы хөгжим “Ойн савдаг” хүүхдийн мюзикль жүжиг, Х.Наранжаргалын зохиол “Харамсалтай нь хайртай” уянгын инээдмийн драмын жүжиг, 27-ны өдөр Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Даваадашийн зохиол, Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайханы хөгжим “Цэцэн бэрийн шийдэл” дуулалт жүжиг, 28-ны өдөр “Өврийн хангайн дуулал” хүндэтгэлийн тоглолт, Аюуш баатрын талбайд оройн цэнгүүн тус тус толилуул ажээ.

2015-10-27 01:56:34