“Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хорооноос гаргасан графикийн дагуу Уянга сум болон Жаргалант багт энэ сарын 16-наас19-ний өдрүүдэд аймгийн Засаг дарга, дэмжих жилийн ажлын хорооны дарга Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан 16 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллалаа.
Үзлэг, шинжилгээнд давхардсан тоогоор 1927 иргэн хамрагдаж, 1203 буюу 62 хувьд нь өвчлөл бүртгэгджээ. Үүнээс Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 162, төрөлжсөн нарийн мэргэжлийн төвд 21 иргэнийг илгээж, онош тодруулж, эмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тус сумын иргэдийн дунд зүрх судас, ходоод элэг цөс, бөөр шээсний замын эмгэг, мэдрэлийн ёзоор ба сүлжээний эмгэг, харааны хугарлын эмгэг, хүүхдүүдийн дунд амьсгалын зам, ходоод элэг цөс, зүрх судасны өвчлөл тэргүүлж байна.
Түүнчлэн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор сумын эрүүл мэндийн төвтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн 18 сурагчийг үе тэнгийн сургагч багшаар бэлтгэж, эрүүл мэндийн сайн дурын идэвтнүүдийг чадавхжууллаа.
Мөн сумын Ахмадын холбоотой хамтран ахмад настны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, зонхилон тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдлэг олгох сургалт, иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээн, “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” цэнгээнт бүжгийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж, иргэдэд дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчилсан юм.