• Албан ёсны цахим хуудас
Хөгжимт драмын театрын 30 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болов

Манай аймагт мэргэжлийн урлагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Хөгжимт драмын театрын 30 жилийн ойд зориулсан баярын хурал хүнэдтгэлийн тоглолт өнөөдөр зохион байгуулагдлаа. Тус ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, Боловсрол, соёлын газрын дарга Ч.Самбуу-Ёндон, Хөгжимт драмын театрын дарга Н.Баяргацэнгэл, тус театрын анхны дарга Д.Төмөрчулуун, Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Даваадаш, үе үеийн уран бүтээлчид оролцлоо.


Энэ үеэр орон нутагт соёл урлагийг хөгжүүлэх, соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх их үйлсэд хувь нэмэр оруулж буй уран бүтээлчид, ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэлж шагнаж урамшуулсан юм. Мөн аймгийн удирдлагууд тус театрын уран бүтээлүүдийг дэмжих, уран бүтээлчдийг чадавхжуулах зорилгоор орон нутгийн төсвөөс 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ амлав.


Тус театраас ажил амьдралын гараагаа эхэлсэн олон сайхан алдартнууд байдаг. Тухайлбал Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Орги, Монгол улсын гавьяат жүжигчин С.Сумъяа, Г.Очирбат, Ө.Базарбат, С.Цэрэндорж, Д.Алтанцэцэг, Д.Баттөмөр, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Н.Даваадаш, Ард түмний гавьяат Б.Батнасан, П.Цэрэнбат, Соёлын тэргүүний ажилтан 80 гаруй, аймгийнхаа төдийгүй Монголчуудын бахархал болсон олон арван соёл урлагийн алдартнуудыг төрүүлсэн  байгууллага юм. 1985 онд Хөгжимт драмын театр байгуулагдахад анхны даргаар нь Д.Төмөрчулуун томилогдон  мэргэжлийн урлагийн байгууллагыг бэхжүүлэхэд хүчин чармайлт гарган ажилласан, 2005-2013 онд ХДТ-ын орчин нөхцлийг сайжруулах, уран бүтээлч болон үзэгчдэд бүтээл туурвих, соёл урлагийн үйлчилгээний таатай орчинг бүрдүүлэхэд Д.Түмэнжаргал дарга санаачилагатай сайн ажиллаж  тохижилт үйлчилгээг жишиг түвшинд хүргэж чадсан юм.


2015-10-29 10:47:58