• Албан ёсны цахим хуудас
Хорт хавдартай иргэдэд сэтгэлийн дэм хайрлах аян үргэлжилж байна

Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв, Сайнсанаа хөгжил төрийн бус байгууллага хамтран энэ оны  10 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд “Хавдрын эсрэг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх” аяныг Арвайхээр хотноо зохион байгуулж байна. Аяны хүрээнд “Сэтгэлийн дэм” хандивын хайрцаг аялуулах, хавдартай иргэдийн ар гэрийнхэнд өвчтөний сэтгэлзүй, хооллолт, асаргаа сувилгааны талаар сургалт зохион байгуулах үйл ажиллагаанууд хийгдэх юм.
Хандивын аянаар цугларсан мөнгийг амьдралын боломж тааруу, хавдартай иргэдэд сэтгэлийн дэм болгох өгөх юм байна.
Манай аймагт 2009-2014 онуудад хорт хавдрын шинэ тохиолдол 776 оношлогдож, 563 хүн хорт хавдрын улмаас нас барсан эмгэнэлтэй тоон үзүүлэлт байна. Аймгийн хэмжээнд хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэгний өмөн тэргүүлж, ходоодны өмөн хоёр дахь байранд, уушигны өмөн гурав дахь байранд, улаан хоолой, умайн хүзүүний өмөн удаалж байгаа ажээ. Хорт хавдраар шинээр оношлогдож байгаа иргэдийн өвчлөлийг хавдар өвчний үе шатаар харуулахад эрт үедээ 24.6 хувь, хожуу үедээ 71.9 хувь нь оношлогдсон байна.
Хорт хавдар хожуу шатандаа ихээр оношлогдож, хяналтад буй өвчтөнүүдийн 50 хувь нь хэвтрийн байдалтай байгаа тул нийгэм, хамт олны туслалцаа, дэмжлэг ихээхэн шаардагдаж байна хэмээн БОЭТ-ын хавдрын эмч хэлж байв.

 

2015-10-29 10:57:47